-Аравдугаар сарын 12-нд болж өнгөрсөн орон нутгийн сонгууль бас л будлиантай болж өнгөрлөө. Саналын хуудасыг тоолох уу, эс тоолох уу гээд. Ингэж будлиантуулаад байдаг гол шалтгаан юунд байна вэ?
-Аливаа ажлыг хүн л зохион байгуулдаг. Зохион байгуулж байгаа хүмүүс дунд янз бүрийн ашиг сонирхолтой, явцуу бодолтой, дээрээс нь ажлаа хийх угийн чадвар муутай хүмүүс ажиллаад байна. Энэ дутагдлаас болж сонгуулийг дахин дахин будлиантуулж байна. Бид өндөр хөгжилтэй, соёлтой улс орнуудын тухай ярьсаар л байдаг. Тухайлбал, АНУ. Биднийг энд будилж байх хооронд тэнд ерөнхийлөгчийн сонгууль болоод өнгөрлөө. 300 гаруй сая хүн амтай улс орны иргэд сонгуулиа хэзээ, хэнд ямар зарчмаар өгөхөө мэдэж байдаг. Сонгууль өгөх хугацаа дуусмагц, нэг цаг болоогүй байхад АНУ битгий хэл дэлхий даяар хэн ялж, хэн ялагдсан тухай мэдээлж байна. Үр дүн нь ямар нэгэн маргаангүй, асуудалгүй бүх зүйл хууль ёсны дагуу болж өндөрлөөд, нэг нэгэндээ баяр хүргээд дуусгаж байна. Гэтэл гурван сая хүрэхгүй хүн амтай, нэг сая гаруйхан сонгогчтой ийм жижиг улс хичнээн сар будилж байна. УИХ-ын зуны сонгуулийн будлиан одоо хүртэл дуусаагүй явж байна. Сар гаруй хугацааны өмнө болж өнгөрсөн орон нутгийн сонгууль ч өнөөдөр бөөн будлиан хэвээрээ. Будлиантуулж байна гэдэг эцсийн дүндээ манай монголчуудын байж байгаа байдал төр, засгийн хариуцлагатай албан тушаалтнуудын томилогдож очоод ажиллаж байгаа хүмүүсийн нүүр царай ямархуу байгаа нь харагдаж байна. Будлиантуулах, саатуулах, үймүүлэх сонирхолтой нэг хэсэг хүмүүс байна, хоёрдугаарт, тоглоомын дүрэм нь ойлгомжгүй. Яагаад гэвэл хуулийг хэн дуртай нэг нь уншиж өөрийнхөө ойлгосон тэр ойлголтоороо тайлбарлаад янз бүрийн буруу, зөв үйлдийг хийж болж байна. Хууль тогтоох ажиллагаа харьцангуй залуу байгаа хэдий ч тэнд сонгогдоод ажиллаж байгаа хүмүүс нь баталж байгаа хууль тогтоомжоо хүмүүсийн амьдралд хэрхэн хэрэгжих вэ, амьдралд ямар нэгэн тохиолдол үүсэхэд тэр хууль нь нийцэх үү, үгүй юу гэдгийг мэдэрч хуулиа гаргаж чадахгүй байна. Хууль нь хоёрдмол утга санаатай. Тухайлбал, Хан-Уул дүүргийн сонгуулийн хувьд харамсахаас өөр зүйлгүй. Нийслэл гэдэг чинь нэг том айл. Гэхдээ тус тусдаа тойрогтой, сонгогчидтой, нэр дэвшигчтэй. Өөр хоорондоо өрсөлддөггүй засаг захиргааны нэгжүүд явж байна. Тухайн дүүрэг нь ирцээ бүрдүүлээд дүнгээ гаргаад, нэг нь ялаад нөгөө нь ялагдчихаад байхад саналын хуудсыг нь тоолно, тоолохгүй гээд бөөн чирэгдэл болгож, нийслэлийг тэр аяар нь хоморгон дахин сонгууль эхлүүлнэ гэдэг утгагүй зүйл. Дээд шүүхийн тайлбар гараад байхад шийдвэрлэж чаддаггүй. Өөрөөр хэлбэл, хууль нь өөрт сонирхолтой байвал дагаж мөрддөг. Сонирхолгүй байвал дагаж мөрддөггүй ийм л юм болоод байна. Нөгөө талаар манай иргэд иргэнийхээ эрх үүргийг бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадахгүй, шаардлага тавьдаггүй, ухамсаргүй, боловсролгүй, манай тойргоос хэн нэр дэвшиж гарлаа гэдгийг ч мэдэхгүй явж байдаг.
-Хан-уулчууд маань өнгөрсөн орон нутгийн сонгуулиар 51,7 хувь буюу хамгийн идэвхтэй саналаа өгцгөөсөн. Дахиад хэр өгөх бол?
-Далдыг хараад тэдэн хувь өгнө гэж хэлж мэдэхгүй байна. Өнөөдөр ийм төр, засагтай, ийм хууль хэрэгжүүлэгч байгууллагатай, төр засгаас нэгэнт ийм шийдвэр гарч байгаа үед иргэнийхээ үүргийн дагуу арваннэгдүгээр сарын 30-ны өдөр нийт иргэд маань дахин ирж саналаа өгнө гэдэгт итгэж байна. Одоо хүчин төгөлдөр байгаа хуулиндаа захирагдаж, урьд өмнө өгсөн тэр сонголтоо эрх, үүргээрээ баталгаажуулаач гэж хэлмээр байна. Тэгэхгүй бол орон нутагт хууль хэрэгжүүлэх, эрх мэдлээ хэрэгжүүлэх байгууллага чинь сонгогдож чадахгүй, цаашлаад дүүргийн, тухайн хорооны өдөр тутмын амьдралд өч төчнөөн саад бэрхшээл учрах болоод байна гэдгийг л ойлгох хэрэгтэй л дээ.
-Ирц нь 50 хувиас дээш бүрдсэн сонгогчдын саналын хуудсыг хүчингүй болгоно гэдэг сонгогчдыг доромжилсон хэрэг гэж ойлгож болох уу?
-Болно. Доромжлохоор барахгүй. Яагаад гэвэл тэд сонгогдохдоо дандаа ард түмний нэрийг барьж явдаг. Ард түмний төлөөлөгч, ард түмнээс сонгогдлоо, ард түмний сайн сайхны төлөө гэж. Гэтэл үнэн чанартаа ард түмний нэрээр гарч ирчихээд эргээд бүх төрийн механизм, хууль тогтоомж, төрийн бүх шатны эрх мэдлийг явцуу хэсэг бүлэг хүмүүс өөрсдийнхөө эрх ашгийн сонирхолд илүү нийцүүлэн ашиглаж, ажиллаж байна. Энэ нь доромжилж байгаагийн хэлбэр. Тэртээ тэргүй ард түмэн юу ч хийж чадахгүй, биднийг халж сольж чадахгүй, нэгэнт харанхуй хар массыг элэг бариад гараад ирсэн юм чинь цаашид хичнээн ч жил мунхруулж, хуурч, мэхэлж чадна гэсэн арчаагүй бодолтой хүмүүсийн хийж байгаа ажил шүү дээ. Энэ байдлыг өөрчлөхийн тулд ард иргэд өөрсдөө эрх мэдэлтэй, төрийн удирдлагуудыг сольё гэсэн үедээ сольж чаддаг, сонгох цагтаа сонгож чаддаг тийм л ард түмэн байх хэрэгтэй. Дөрвөн жилд нэг л удаа эрхээ эдэлдэг, өөрийгөө хүндлүүлдэг, тоолгодог, Монгол Улсын эзэд нь бид байна гэдгийг харуулах хэрэгтэй л дээ.
-Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэж байсан. Өөрчлөлт хийгдсэн үү, эсвэл хуучин хуулиараа хүчин төгөлдөр явах гэж байна уу?
-Хууль батлагдаж амжаагүй байгаа. Энэ долоо хоногт батлагдаж амжих уу, үгүй юу гэдгийг мэдэхгүй байна. Хуучин хууль одоог хүртэл хүчин төгөлдөр. 50 хувийн босготой хуулиараа сонгууль явагдана.
-Хэрэв сонгогчдын ирц 50 хувийнхаа босгыг давж чадахгүй бол яах вэ?
-Дахиад л сонгуулиа зарлаад, дахиад л санал хураалт явагдана ш дээ.
-Жонхуурсан сонгуулийн хорооныхны ажлаа явуулж чадахгүй байгаа арчаагүй байдлаас ард түмэн үнэхээр залхаж байна. Цаашид яаж будлиангүй явуулж сурах вэ?
-Ардчилал хөгжиж бэхжихийн хэрээр л улс орон хөгждөг. Төрийн хууль нь хэрэгждэг. Эх орны хөгжлөөр ард түмэн нь хождог, бүх шатны сонгууль, хурлууд нь бодит ном ёсоор явагддаг байх ёстой л доо. Саналын хуудсыг буруу зөв тоолдоггүй, луйварддаггүй, хайрцгийг нь хулгайлдаггүй, зөөдөггүй, гэрлээ унтраадаггүй байх юм бол сонгууль ямар ч будлиангүй болно. Бүх юм эмх цэгцтэй болж дуусна. Ард түмэн ч залхахгүй. Тэрнийхээ хэрээр улс эх орон маань ч хөгжинө. Тэгээд дээр нь ард түмэн юмаа мэдэж, сонголтоо хийж чаддаг байх хэрэгтэй. Түүнээс биш өнөөдөр жижиг аар саархан гарын бэлэг өгөх, нэг удаа хоолонд оруулсанд, эсвэл хэдэн төгрөг өгсөнд нь хууртаж сонголтоо хийж байгаа бол үүнийг ардчилсан сонголт гэж хэлэхгүй. Ядуу зүдүү амьдралтай, боловсрол муутай хүмүүсийн хүнд байдал дээр нь дөрөөлж, хууран мэхэлж сонгуулийг явуулж, нөгөөх нь өгдөг тийм үйл ажиллагааг ухамсартай сонгууль, сонголт боллоо гэж хэлж болохгүй л дээ. Аль ч улс орны нийт хүн амын 60-70 хувь нь сонгуулиа өгч эрхээ эдэлж байж сая тэр нь жинхэнэ утгаараа ардчилсан сонголт болж чаддаг. Өнөөдөр манай Монголын бүх шатны сонгууль гадна хэлбэрээрээ ардчилсан чөлөөт сонгууль гэж яригдаад байгаа боловч улс төрийн утга агуулгаараа болж чадахгүй байна. Энд хоёр талын хариуцлага харагдаж байна. Нэгдүгээрт, ард түмний нэрийг бариад хэн сонгогдоод байгаа, хоёрдугаарт, энэ хүмүүсийг сонгоод байгаа, өөрөөр хэлбэл, сонгож байгаа ард түмэн чинь өөрөө хариуцлагаа хүлээж байна. Тэр хариулцлагаа хүлээхдээ хүүхэд шиг сандал өргөөд өрөөний буланд зогсох биш, өөрийнхөө бие махбодь, амьдрал, авч буй цалин, идэж ууж байгаа хоол хүнс энэ бүх зүйлүүдээр хариуцлагаа хүлээж байна ш дээ. Тэрийгээ ухамсарлаж ойлгож чадахгүй байна. Чөлөөт сонголтыг одоо хүртэл манай ард түмэн бүрэн дүүрэн хийж сураагүйн нэг илрэл гэж бодож байна.
-Бид ардчилал гэж яриад л байдаг. Гэтэл улс эх орны маань хөгжил цэцэглэлт урагшаа нэг л олигтой явж өгөхгүй байгаа юм шиг. Энэ байдалд нэг намын 80 гаруй жилийн хугацаанд удирдсан удирдлага нөлөөлж байна гэж үзэж болох уу?
-Нөлөөлөлгүй яахав. Улс төр, нийгэм, эдийн засаг, туулж өнгөрүүлж ирсэн амьдралын зам, хүмүүсийн оюун ухаан, сэтгэхүй заавал нөлөөлнө. Өнөөдөр, бидэнд тулгараад байгаа сайн, муу тэр бүх зүйлүүдэд нөлөөлж байна. Сонгуультой холбож ярихад хуучин системийн үед бүх хүн сонгуульд оролцох эрх мэдэлгүй байлаа. Аажим аажмаар нийгэм, улс орон хөгжихийн хэрээр хүмүүсийн мэдлэг чадвар, ухамсар, хөрөнгө чинээтэй хүмүүсийн тоо нэмэгдэнэ. Тэр нь сонгох болон сонгогдох эрхийг нь өргөжүүлж өгдөг. Дээр үед 45 настай хүн л сонгуульд оролцох эрхтэй байсан. Дараа нь 30, 28 настай болж, одоо 18 настай хүмүүс сонгуульд оролцох эрхтэй болоод байна. Бүр 19-р зууны эхээр эмэгтэйчүүд улс төрийн томоохон тэмцлийг хийж байж санал өгөх эрхтэй болж байсан түүхтэй. Яагаад гэвэл нийт хүн амын тэн хагас нь эмэгтэйчүүд эзэлж байсан учраас тэр.
-Өнөөдөр Монголын залуучууд шинэ нийгмийн хөгжлийн систем, шинэ удирдлага, амьдралын шинэ орчинг хүсээд байна л даа. Ийм нөхцлийг бүрдүүлэхийн тулд төрөөс болон нийслэл дүүргүүдээс ямар ямар арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлбэл зохистой вэ?
-Ер нь энэ өөрөө нэг их улсын нууц биш ш дээ. Төр өөрөө иргэний төлөвшил, хөгжилд анхаарал хандуулж, бодлогоо хэрэгжүүлж, наад захын амьдралын төвшинг хангах үүрэгтэй байдаг. Энэ төвшинээс доош унагаахгүй байх үүргийг авч явдаг. Тэр төвшин хэдий чинээ өндөр байна төдийчинээ хүмүүсийн амьдрал ахуй сэтгэл санаа хангалуун байдаг. Жишээлбэл, радио телевизээр байр орон сууц, машин тэрэг, сургууль цэцэрлэг гээд юу л бол юуг сурталчилж байна. Нэг үеэ бодвол нийлүүлэлт сайн, хомсдол бага болсон ч монголчууд тэр рекламдаад байгаа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнээс хүртэж чадахгүй, орлогын эх үүсвэр байхгүй байна. Нүдээрээ харж байхад цөөхөн тооны баячуудын амьдрал, жирийн ард иргэдийн хооронд том ялгаа гарчихлаа. Төрийн үүрэг бол энэ том зөрүүг багасгах ёстой. Наад зах нь нийтийн зам тээврийн үйлчилгээ, эмнэлэг, спортын талбай, ногоон бүс зэрэг жирийн иргэдэд хүрч очих ёстой.
Захын гэр хорооллуудад амьдарч байгаа айл өрх төрийн ямар ч менежементгүйгээр амьдралаа үргэлжлүүлж байна. Зүгээр л урсгалаараа. Нэг айлын хашааны хажууд өөр айл нүүж ирээд хашааны шон залгаж хатгаад л барьж бууна. Тэнд зам, эмнэлэг, сургууль, үйлчилгээний төв барьж байгуулах ёстой гэдгийг нийслэл, дүүргийн удирдлагууд хэзээ ч тооцоолж ажлаа хийдэггүй. Борооны улиралд, үер усны жалганы ам дээр бууж болохгүй шүү гэж ганцхан хэлдэг зүйлтэй. Бууж байгаа хүмүүс нь мэдлэг боловсрол муу учраас буучихдаг. Үер болоод гэр орон нь юу ч үгүй урсаад явчихдаг. Үерийн дараа хэсэг бужигнаж тав, арван айл нүүлгэдэг. Үүнээс өөр зохицуулалтын ажил хийдэггүй. Сонгогдоод гарсан хүмүүс тухайн хороо, дүүргүүдэд нийтийг хамарсан маш олон ажлыг хийж зохион байгуулах ёстой юм, уг нь. Гэтэл Христын сүмээс өөр хүмүүсийг олноор нь цуглуулаад янз бүрийн арга хэмжээ зохиох улаан булан байхгүй байна. Тийм л орчинд амьдарч байна. Энэ нь өөрөө дараа дараачийн гинжин урвалын зарчмаар муу сөрөг харилцаа, шинж төлөвийг бүрдүүлж улам дархлаажуулж байна. Төр, засаг ийм зүйлүүдийг анхаарч ажиллах ёстой.
-Шаардагдаад байгаа эдгээр ажлуудыг хийхэд хөрөнгө мөнгө хэр билээ?
-Өнөөдөр асар их хэмжээний төсөв мөнгөний бололцоо нийслэл, дүүргийн удирдлагуудад байна. Согогтой зүйлүүд харагдаж байгаа хэдий ч байгаа хуулийнхаа хүрээнд өч төчнөөн олон зүйлийг шийдэх боломж байна. Даанч хийдэггүй албадуудтай. Яагаад гэвэл нийслэл дүүргүүдэд сөрөг хүчин байхгүй. Ард иргэд нь сонгуульд яаж оролцсоноороо ямар ач холбогдолтой байх вэ гэдгээ мэддэггүй. Нэг удаа сонгууль өгсөн. Одоо болно гэсэн байдлаар хандаж байгаа нь бас л учир дутагдалтай. Гэтэл 90 хувь нь бидний эргэн тойронд амьдарч байгаа хороо хорон, гудамж дүүргийн хүрээнд явагдаж байна. Энэ бүгдийг сүүлийн 20-иод жил халагддаггүй дархлаатай хэдэн дарга нар удирдаад ирлээ ш дээ. Тэд нар өөрсдөө овоо хөөрхөн түнтийчихсэн. Маш их эрх мэдэлтэй болчихсон, зан ааш нь хувирчихсан, ямар ч шүүмжлэлийн үгийг авдаггүй, иргэдийн гомдол, чирэгдлийг ердөөсөө барагдуулж шийдэж өгдөггүй. Иргэд нь өөрсдөө болохоор ийм л байх ёстой гээд ойлгочихсон. Ханддаг газар нь Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ, Засгийн газар гэж боддог. Гэтэл үгүй. Гурван шатны удирдлагын хамгийн доод шат болох дүүрэг, нийслэлээс хийж эхлэх хэрэгтэй. Хан-Уул дүүргийнхэн өнгөрсөн орон нутгийн сонгуулиар Ардчилсан намыг сонгосноороо 1990-ээд онд бугалж байсан социализмын үеийн дарангуйллын системийг өөрчлөхөд ямар ч байсан салхи оруулж ирлээ. Ийм хөдөлгөөн оруулж, амилуулсан шиг яг тийм хөдөлгөөн бусад нийслэл дүүргүүдэд дутагдаад байна.
-НИТХ-ийн Хан-Уул дүүргийн 13-р тойрогт нэр дэвшигчийнхээ хувьд хийхээр төлөвлөөд байгаа ямар ажлууд байна?
-Он гаргаад хийхээр төлөвлөсөн ажил байгаа. Биокомбинат, Сонгинод амьдарч байгаа айлуудад үйлчилгээг ойртуулах зорилгоор түлээ, нүүрсний захыг бий болгох талаар судалсан. Тэдний өдөр тутмын ахуй амьдралд хэрэгцээтэй үйлчилгээ юм. Хаа байсан хотын зүүн зүгт байдаг Цайз захаас очиж түлээ, нүүрс авахад хэцүү. Цаг хугацаа, мөнгө төгрөг, машин тэрэг гээд зардал маш өндөр гарна. Хэрэв тэнд түлээ нүүрсний зах байгуулбал их зүйл хэмнэгдэнэ. Түүнээс гадна Биокомбинат, Шувуун фабрик болон Сонгино руу төмөр замыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Туул голын эрэг хөвөөгөөр байгаа элс, хайрга чулууг том даацын ачааны вагоноор зөөж тээвэрлэх хэрэгтэй. Мөн нүүрсийг тээвэрлэх боломжтой юм. Энэ бол хийж болох наад захын ажлууд.
-Танд амжилт хүсье.
Л.Эрдэнэчимэг