МӨНХӨРСӨН НЬ
Нар ээсэн намрын налгар нэгэн өдөр Ганбаатар эртлэн бослоо. өөрийнхөө найз залуу болох шар Буяа хэмээн нэршсэн түүний гэрийн зүг алхав. Түүнтэй уулзаж Хантай нутгийн Хөх даваа хэмээх ууланд гарч хашааны мод үзэхээр мотоцикилль дээр сундалаад цэнхэр утаа суунаглуулсаар дөрөлж даван давхин одлоо. Ганбааатарых шинэ газар буусан учир хашаа хатгахаар хашааныхаа модыг үзэхээр явж буй хэрэг.
Явахынхаа урд орой нь эхнэртээ өгүүлрэн, маргааш өглөө хашааны модоо үзэж ирчихээд хоёулаа хамт мах комбинатын үйлдвэрт ажилд орохоор бүртгүүлье гэж хэлээд явсан боловч эхнэр нь үд дунд хүртэл хүлээгээд ирсэнгүй.
Ганбаатрых хувиараа аж ахуй эрхлэдэг бөгөөд амьдралаа аваад явчихдаг овсгоотой нэгэн. Түүнийг нутгийнхан нь хужаа Ганбаа ч гэж дууддаг. Түүний ажилч, нягт нямба, тооцоотой чанарууд нь энэ нэрийг хүртэхэд нөлөөлсөн бизээ.
Орой болж нар жаргах дөхлөө. Гэтэл мотоциклийн эзэн шар Буяа ирчихсэн гэртээ орж гарч байхыг эхнэр нь гэрийнхээ гадаа хэсэг зогсож харж байснаа, Буяа ирчихсэн юм шиг байх чинь, манай нөхөр яасан юм бол гэж бодоод гэртээ оров.
Хэсэг хугацааны дараа дахин мотоцикилио унан хар утаа татуулсаар хар хурдаараа хөтөл даван дахив. Нэлээд хэсэг хугацаа өнгөрсний дараа буцаад ирэх нь харагдана. Юу болсон юм бол доо гэж гайхан хаалгаа шагайн харж байтал, Буяа мотоцикиллио орилуулсаар Ганбаагийн гэрийн гадаа давхиж ирлээ. Түүний нүүр царай нь хөсөр даачихсан, ямар нэг юманд хөөгдөж туугдсан юм шиг, эсвэл ямар нэг юмнаас айж цочсон юм шиг тэдний гэрийн хаалгыг чиглэн яаран том том алхалж харагдав. Гэрийн босгыг давмагц, Ганбаа ямар ч хөдөлгөөнгүй хэвтээд байна. Нас барчихлаа гэж хэлээд түүний эхнэрийн дотрыг тогооны хар хөө шиг харлуулав.
Юу гэнээ, үгүй байлгүйдээ гэснээ царай нь хувхай цайн хоёр нүднээс нь өөрийн эрхгүй нулимс мэлмэрэн урсав. Хэсэг хугацаанд юу ч хэлж чадахгүй, чочиролд орсон тэр гэнэт ум хумгүй гарч одлоо.
Гэтэл хүү, охин хоёр нь чи миний аавыг алчихлаа. Аавыг минь буцааж авчирч өг гэж шар Буяа руу уйлан дайрав. Буяад хэлэх үг ч олдохгүй хий дэмий л толгойгоо доош унжуулан гэм хийсэн хүн гэлбэлзэнэ гэгчээр таг дуугүй зогссоор гэрт нь ганцаараа үлдэв. Тэд бүгд Ганбаагийн хамгийн том ах болох Ганболдын гэрт орь дуу тавьсаар орж ирлээ. Юу болсон тухай асуутал, Туяагийн хэл ам нь ээрч гацаад “Ганнн...бааа.... нас баррр...чиххх...лаа гэнэ” хэмээн арай гэж хэлэв.
Ах нь муухай царайлан сэтгэлээ барин хаана вэ гэж асууж лавлалаа.
Хөх даваанд гэж хэлэхэд,
Хурдан явцгаая гээд машинаа асааж сумынхаа түргэний эмчийг аваад хамт явцгаалаа.
Хоёр хүүхэд нь ээжийнхээ араас уйлалдсаар гүйн ирж, хурдан яваа ч ээ, чоно нохойны хоол боллоо ш дээ гэж хэлээд хүү Ууганбаяр нь машинаас хурдан гүйж чадах юм шиг хоёр зээрдээрээ зам даган гүйж гарав. Нэг мэдэхнээ шатахуун түгээх газрын хөтлийг даваад хурдлан гүйж байснаа гэнэт санан, яанаа, аав минь амьд байгаа болов уу, амьд л байгаасай билээ гэж бодсоор... Бурхан түүний сэтгэлд хэрхэн юу гэж хэлснийг хэнч мэдэхгүй байв. Жаал хүү зөвхөн л аавыгаа аварах, аавдаа хурдан очих юм сан гэсэн хүсэлдээ хөтлөгдсөөр улам хурдлав. Түүний араас аав руу нь очихоор аавых нь 469 машиныг том ах нь жолоодож, дотор нь дүүрэн хүн суугаад хөдлөв.
Хүүе, Уугнаа, гэртээ харь. Машинд багтахгүй. Бид яваад ирье гэж машинд сууж яваа хэн нэгэн нь хэлээд цааш явлаа.
Гэтэл бэргэн эгч Батцэцэг би шал дэмий хашаанаасаа хөөлөө. Надаас л боллоо. Хашаанаасаа нүүлгээгүй байсан бол түүнд ийм муу зүйл тохиолдохгүй байх байсан юм. Ээ бурхан минь хэмээн халаглан өвдөг сөхөрөн газар самардан гашуудан уйлж гарлаа. Шороон дээр газар самардсан хурууныхан нь мөр гарсан харагдав.
Ганбаатарых уг нь том ахынхаа хажуугийн хамар хашаанд амьдардаг байсан боловч хэт жижиг хашаатай байна гэж малчны хорооны шатахуун түгээх станцын өмнөх тал газар нэлээд томоохон хэмжээний газар авсан учир хашаа татах мод үзэхээр ууланд гарсан нь тэр ажгуу.
Харин дунд ах Батаа шар Буяаг заамдан хоёр хүчтэй шанаадан авч “хэрэв миний дүү нас барсан байвал чамайг газар дээр чинь нам цохиж унагана даа” гэж их л тэвчээр гарган бухимдлаа барьж ядан хэлэгнэсэн байдалтай хэлэв.
Ганбаагийн байгаа газар хоёр 469 машин, гурван мотицикильтой бөөн хүмүүс хүрч очиход Ганбаа ямар ч хөдөлгөөнгүй саарал цамцтай, хар хөх өмдтэй, хүрэн сандаал өмссөн дөрвөн мөчлөөд доош хараад хэвтэж байлаа. Бүгд машинаас бууцгааж нам гүм болж, түүн рүү дөхөж очих хүн байхгүй байсан учир Түргэн тусламжийн эмч хамгийн түрүүнд зориг гарган зөөлөн очиж түүний судсыг барж үзэхэд цохилж байлаа. Яг энэ үед ялаа, шумуулийн жингэнэх дуу сонсогдохоор чимээгүй болцгоов.Тэгээд “Ганбаа сэрээрэй” гэж аяархан дуудахад тэр өндийж эргэн тойрон цугларсан хүмүүсийг хараад мэл гайхан юу болсон юм бол хэмээн бодсоор бослоо.
Нар шингэсэн яг энэ мөчид тэнд очсон бүх хүмүүсийн сэтгэлд мандаж буй өглөөний нарны алтан шар туяа тусах шиг гэрэл цацарлаа. Хүн бүр ам амандаа амьд байна хэмээн шаагиж түүнийг тойрон хүрээлж тэврэх нэг нь тэвэрч, үнсэх нэг нь үнсэж бөөн дуу шуу, уйлаан, инээд хөөр болж гэрийн зүг явцгаалаа.
Архи огт уудаггүй хүн хашааны мод харах замдаа ганц нэг айлд орж аяга нэрмэл хүртчихээд тасар ч унаад мотоциклийнхоо жолоочийг айлгаж олон дахин сумын төв рүү явуулж зүрхийг нь дэлслүүлж чадсан аж.
Гэртээ ирэх үед бүрэнхий тасарах дөхөж байлаа. Тэдний хашаанд дахиад дүүрэн хүн цугларсан байхыг хараад, Ганбаа, би энэ хүмүүст их балаг тарьж. зүгээр тайван байсан хүмүүсийг айлган цочроож, нус нулимстай нь хольж их муу юм боллоо. Одоо яадаг юм байгаа бүү мэдээ, энэ хар уснаас л боллоо шүү гэж бодоход дотор нь муухайрав.
Хуран цугларсан хүмүүс Ганбаагийн хашаагаар дүүрч гашуудан бөөн уйлан майлан болж, харин түүнийг ирж байхыг хараад амьд байна, хүрээд ирлээ гээд дор бүрнээ шуугалдцгаав.
Хоёр хүүхэд нь ааваа гэж мэгшин уйлаад урдаас нь гүйж очоод тэвэрлээ. Түүний хойноос бүх хүмүүс хошууран очиж бас л тэвэрэх нэг нь тэвэрч, үнсэх нэг нь үнсэж нус нулимсаа арчив.
Гунигт автсан хүмүүс түүнийг амьд буцаж ирсэнд нь баярлаж дуу шуу орж доор доороо яриа хөөрөө дэлгэж, тамхи татах нь татаж гашуудалд автсан сэтгэлээ тайлж эхлэлээ.
No comments:
Post a Comment