Tuesday, November 25, 2008

Мэндчилгээ


Нийслэлчүүддээ “Улс тунхагласан”-ы баярын мэндийг хүргэе!


1920-иод оны үеэс эхлэн зун нь сонгууль болж, улс төрөө эмхлэн байгуулж, улмаар Монгол Улсаа тунхаглах төрийн анхны шийдвэр гарч байсан. Арваннэгдүгээр сард тохиодог энэхүү баяр нь бидний өвөг дээдсийн маань сэдэж, хийж, бүтээж байсан олон сайн арга хэмжээний зөвхөн нэг нь л юм.
Хэдийгээр сонгуулийн үйл ажиллагаа дуусч амжаагүй ч нийт улаанбаатарчууддаа “шинэ нийгмийн уур амьсгал, шинэ харилцаа, шинэ тогтолцоогоо тунхаглах” бололцоо олгож, сонгуульд идэвхтэй оролцож, саналаа өгөөрэй гэж уриалж байна. Сонгогчид маань орон нутгийн сонгуульд хэдий чинээ идэвхтэй, сайн оролцож саналаа өгнө, төдий чинээ хамгийн үр бүтээлтэй, хамгийн хариуцлагатай, хамгийн эх оронч сэтгэлгээтэйгээр “Улс тунхагласан”-ны баяраа тэмдэглэн өнгөрөөх болно.

Та бүхэнд ажлын амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.
Нэр дэвшигч Даваадоржийн ГАНБОЛД

Да.Ганболд: Социализмын үеийн дарангуйллыг өөрчлөхөд Хан-Уул дүүргийн сонгогчид салхи орууллаа

Өнөөдөр 10 цаг 21 минут
НИТХ-ийн Хан-Уул дүүргийн 13-р тойрогт нэр дэвшээд байгаа Даваадоржийн Ганболдтой уулзаж ярилцлаа.

-Аравдугаар сарын 12-нд болж өнгөрсөн орон нутгийн сонгууль бас л будлиантай болж өнгөрлөө. Саналын хуудасыг тоолох уу, эс тоолох уу гээд. Ингэж будлиантуулаад байдаг гол шалтгаан юунд байна вэ?
-Аливаа ажлыг хүн л зохион байгуулдаг. Зохион байгуулж бай­гаа хүмүүс дунд янз бүрийн ашиг сонирхолтой, явцуу бодолтой, дээрээс нь ажлаа хийх угийн чад­вар муутай хүмүүс ажиллаад бай­на. Энэ дутагдлаас болж сон­гуу­лийг дахин дахин буд­лиан­туулж байна. Бид өндөр хөг­жилтэй, соёлтой улс орнуудын тухай ярь­саар л байдаг. Тухайл­бал, АНУ. Биднийг энд будилж байх хооронд тэнд ерөнхийлөгчийн сонгууль болоод өнгөрлөө. 300 гаруй сая хүн амтай улс орны иргэд сонгуулиа хэзээ, хэнд ямар зарчмаар өгөхөө мэдэж байдаг. Сонгууль өгөх хуга­цаа дуусмагц, нэг цаг болоогүй байхад АНУ битгий хэл дэлхий даяар хэн ялж, хэн ялагдсан тухай мэдээлж байна. Үр дүн нь ямар нэгэн маргаангүй, асуудалгүй бүх зүйл хууль ёсны дагуу болж өндөр­лөөд, нэг нэгэндээ баяр хүргээд дуусгаж байна. Гэтэл гурван сая хүрэхгүй хүн амтай, нэг сая гаруй­хан сонгогчтой ийм жижиг улс хичнээн сар будилж байна. УИХ-ын зуны сонгуулийн будлиан одоо хүртэл дуусаагүй явж байна. Сар гаруй хугацааны өмнө болж өнгөр­сөн орон нутгийн сонгууль ч өнөө­дөр бөөн будлиан хэвээрээ. Буд­лиантуулж байна гэдэг эцсийн дүндээ манай монголчуудын байж байгаа байдал төр, засгийн хариуц­лагатай албан тушаалтнуудын томилогдож очоод ажиллаж байгаа хүмүүсийн нүүр царай ямархуу байгаа нь харагдаж байна. Буд­лиантуулах, саатуулах, үймүү­лэх сонирхолтой нэг хэсэг хүмүүс байна, хоёрдугаарт, тоглоомын дүрэм нь ойлгомжгүй. Яагаад гэвэл хуулийг хэн дуртай нэг нь уншиж өөрийнхөө ойлгосон тэр ойлгол­тоороо тайлбарлаад янз бүрийн буруу, зөв үйлдийг хийж болж байна. Хууль тогтоох ажиллагаа харьцангуй залуу байгаа хэдий ч тэнд сонгогдоод ажиллаж байгаа хүмүүс нь баталж байгаа хууль тогтоомжоо хүмүүсийн амьдралд хэрхэн хэрэгжих вэ, амьдралд ямар нэгэн тохиолдол үүсэхэд тэр хууль нь нийцэх үү, үгүй юу гэдгийг мэдэрч хуулиа гаргаж чадахгүй байна. Хууль нь хоёрдмол утга санаатай. Тухайлбал, Хан-Уул дүүргийн сон­гуулийн хувьд харамсахаас өөр зүйлгүй. Нийслэл гэдэг чинь нэг том айл. Гэхдээ тус тусдаа тойрогтой, сонгогчидтой, нэр дэвшигчтэй. Өөр хоорондоо өрсөлддөггүй засаг захиргааны нэгжүүд явж байна. Тухайн дүүрэг нь ирцээ бүр­дүүлээд дүнгээ гаргаад, нэг нь ялаад нөгөө нь ялагдчихаад байхад саналын хуудсыг нь тоолно, тоо­лохгүй гээд бөөн чирэгдэл болгож, нийслэлийг тэр аяар нь хоморгон дахин сон­гууль эхлүүлнэ гэдэг утгагүй зүйл. Дээд шүүхийн тайлбар гараад байхад шийдвэрлэж чад­даггүй. Өөрөөр хэлбэл, хууль нь өөрт сонирхолтой байвал дагаж мөрд­дөг. Сонирхолгүй байвал дагаж мөрддөггүй ийм л юм болоод байна. Нөгөө талаар манай иргэд иргэнийхээ эрх үүргийг бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадахгүй, шаард­­лага тавьдаггүй, ухамсаргүй, боловсролгүй, манай тойргоос хэн нэр дэвшиж гарлаа гэдгийг ч мэдэх­гүй явж байдаг.
-Хан-уулчууд маань өнгөрсөн орон нутгийн сонгуулиар 51,7 хувь буюу хамгийн идэвхтэй саналаа өгцгөөсөн. Дахиад хэр өгөх бол?
-Далдыг хараад тэдэн хувь өгнө гэж хэлж мэдэхгүй байна. Өнөөдөр ийм төр, засагтай, ийм хууль хэрэг­жүүлэгч байгууллагатай, төр засгаас нэгэнт ийм шийдвэр гарч байгаа үед иргэ­нийхээ үүргийн дагуу арван­нэг­дүгээр сарын 30-ны өдөр нийт иргэд маань дахин ирж саналаа өгнө гэдэгт итгэж байна. Одоо хүчин төгөлдөр байгаа хуулиндаа захи­рагдаж, урьд өмнө өгсөн тэр сонгол­тоо эрх, үүргээрээ баталгаа­жуу­лаач гэж хэлмээр байна. Тэгэхгүй бол орон нутагт хууль хэрэгжүүлэх, эрх мэдлээ хэрэгжүүлэх бай­гуул­лага чинь сонгогдож чадахгүй, цаашлаад дүүргийн, тухайн хорооны өдөр тутмын амьдралд өч төчнөөн саад бэрхшээл учрах болоод байна гэдгийг л ойлгох хэрэгтэй л дээ.
-Ирц нь 50 хувиас дээш бүрд­сэн сонгогчдын саналын хууд­сыг хүчингүй болгоно гэдэг сонгогчдыг доромжилсон хэрэг гэж ойлгож болох уу?
-Болно. Доромжлохоор барах­гүй. Яагаад гэвэл тэд сонгогдохдоо дандаа ард түмний нэрийг барьж явдаг. Ард түмний төлөөлөгч, ард түмнээс сонгогдлоо, ард түмний сайн сайхны төлөө гэж. Гэтэл үнэн чанартаа ард түмний нэрээр гарч ирчихээд эргээд бүх төрийн ме­ханизм, хууль тогтоомж, төрийн бүх шатны эрх мэдлийг явцуу хэсэг бүлэг хүмүүс өөрсдийнхөө эрх ашгийн сонирхолд илүү нийцүүлэн ашиглаж, ажиллаж байна. Энэ нь доромжилж байгаагийн хэлбэр. Тэртээ тэргүй ард түмэн юу ч хийж чадахгүй, биднийг халж сольж чадахгүй, нэгэнт харанхуй хар массыг элэг бариад гараад ирсэн юм чинь цаашид хичнээн ч жил мунхруулж, хуурч, мэхэлж чадна гэ­сэн арчаагүй бодолтой хүмүүсийн хийж байгаа ажил шүү дээ. Энэ байдлыг өөрчлөхийн тулд ард иргэд өөрсдөө эрх мэдэлтэй, тө­рийн удирдлагуудыг сольё гэсэн үедээ сольж чаддаг, сонгох цагтаа сонгож чаддаг тийм л ард түмэн байх хэрэгтэй. Дөрвөн жилд нэг л удаа эрхээ эдэлдэг, өөрийгөө хүнд­лүүлдэг, тоолгодог, Монгол Улсын эзэд нь бид байна гэдгийг харуулах хэрэгтэй л дээ.
-Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэж байсан. Өөрчлөлт хийгдсэн үү, эсвэл хуучин хуу­лиараа хүчин төгөлдөр явах гэж байна уу?
-Хууль батлагдаж амжаагүй байгаа. Энэ долоо хоногт бат­лагдаж амжих уу, үгүй юу гэдгийг мэдэхгүй байна. Хуучин хууль одоог хүртэл хүчин төгөлдөр. 50 хувийн босготой хуулиараа сонгууль явагдана.
-Хэрэв сонгогчдын ирц 50 хувийнхаа босгыг давж чадахгүй бол яах вэ?
-Дахиад л сонгуулиа зарлаад, дахиад л санал хураалт явагдана ш дээ.
-Жонхуурсан сонгуулийн хо­роо­ныхны ажлаа явуулж чадах­гүй байгаа арчаагүй байдлаас ард түмэн үнэхээр залхаж байна. Цаашид яаж будлиангүй явуулж сурах вэ?
-Ардчилал хөгжиж бэхжихийн хэрээр л улс орон хөгждөг. Төрийн хууль нь хэрэгждэг. Эх орны хөгж­лөөр ард түмэн нь хождог, бүх шатны сонгууль, хурлууд нь бодит ном ёсоор явагддаг байх ёстой л доо. Саналын хуудсыг буруу зөв тоолдоггүй, луйварддаггүй, хайрц­гийг нь хулгайлдаггүй, зөөдөггүй, гэрлээ унтраадаггүй байх юм бол сонгууль ямар ч будлиангүй болно. Бүх юм эмх цэгцтэй болж дуусна. Ард түмэн ч залхахгүй. Тэрнийхээ хэрээр улс эх орон маань ч хөгжинө. Тэгээд дээр нь ард түмэн юмаа мэдэж, сонголтоо хийж чаддаг байх хэрэгтэй. Түүнээс биш өнөөдөр жижиг аар саархан гарын бэлэг өгөх, нэг удаа хоолонд оруулсанд, эсвэл хэдэн төгрөг өгсөнд нь хуур­таж сонголтоо хийж байгаа бол үүнийг ардчилсан сонголт гэж хэлэхгүй. Ядуу зүдүү амьдралтай, боловсрол муутай хүмүүсийн хүнд байдал дээр нь дөрөөлж, хууран мэхэлж сонгуулийг явуулж, нөгөөх нь өгдөг тийм үйл ажиллагааг ухамсартай сонгууль, сонголт бол­лоо гэж хэлж болохгүй л дээ. Аль ч улс орны нийт хүн амын 60-70 хувь нь сонгуулиа өгч эрхээ эдэлж байж сая тэр нь жинхэнэ утгаараа ард­чилсан сонголт болж чаддаг. Өнөөдөр манай Монголын бүх шатны сонгууль гадна хэлбэрээрээ ардчилсан чөлөөт сонгууль гэж яригдаад байгаа боловч улс төрийн утга агуулгаараа болж чадахгүй байна. Энд хоёр талын хариуцлага харагдаж байна. Нэгдүгээрт, ард түмний нэрийг бариад хэн сонгог­доод байгаа, хоёрдугаарт, энэ хүмүүсийг сонгоод байгаа, өөрөөр хэлбэл, сонгож байгаа ард түмэн чинь өөрөө хариуцлагаа хүлээж байна. Тэр хариулцлагаа хүлээхдээ хүүхэд шиг сандал өргөөд өрөөний буланд зогсох биш, өөрийнхөө бие махбодь, амьдрал, авч буй цалин, идэж ууж байгаа хоол хүнс энэ бүх зүйлүүдээр хариуцлагаа хүлээж байна ш дээ. Тэрийгээ ухамсарлаж ойлгож чадахгүй байна. Чөлөөт сонголтыг одоо хүртэл манай ард түмэн бүрэн дүүрэн хийж сураагүйн нэг илрэл гэж бодож байна.
-Бид ардчилал гэж яриад л байдаг. Гэтэл улс эх орны маань хөгжил цэцэглэлт урагшаа нэг л олигтой явж өгөх­гүй байгаа юм шиг. Энэ байдалд нэг намын 80 гаруй жилийн хуга­цаанд удирдсан удирдлага нө­лөөлж байна гэж үзэж болох уу?
-Нөлөөлөлгүй яахав. Улс төр, нийгэм, эдийн засаг, туулж өнгө­рүүлж ирсэн амьдралын зам, хү­мүү­сийн оюун ухаан, сэтгэхүй заа­вал нөлөөлнө. Өнөөдөр, бидэнд тулгараад байгаа сайн, муу тэр бүх зүйлүүдэд нөлөөлж байна. Сон­гуультой холбож ярихад хуучин системийн үед бүх хүн сонгуульд оролцох эрх мэдэлгүй байлаа. Аажим аажмаар нийгэм, улс орон хөгжихийн хэрээр хүмүүсийн мэд­лэг чадвар, ухамсар, хөрөнгө чи­нээ­тэй хүмүүсийн тоо нэмэгдэнэ. Тэр нь сонгох болон сонгогдох эрхийг нь өргөжүүлж өгдөг. Дээр үед 45 настай хүн л сонгуульд оролцох эрхтэй байсан. Дараа нь 30, 28 настай болж, одоо 18 настай хүмүүс сонгуульд оролцох эрхтэй болоод байна. Бүр 19-р зууны эхээр эмэг­тэйчүүд улс тө­рийн томоохон тэмц­лийг хийж байж санал өгөх эрхтэй болж байсан түүхтэй. Яагаад гэвэл нийт хүн амын тэн хагас нь эмэг­тэйчүүд эзэлж байсан учраас тэр.
-Өнөөдөр Монголын залуу­чууд шинэ нийгмийн хөгжлийн систем, шинэ удирдлага, амьд­ралын шинэ орчинг хүсээд байна л даа. Ийм нөхцлийг бүр­дүү­лэхийн тулд төрөөс болон нийс­лэл дүүргүүдээс ямар ямар арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүл­бэл зохистой вэ?
-Ер нь энэ өөрөө нэг их улсын нууц биш ш дээ. Төр өөрөө иргэний төлөвшил, хөгжилд анхаарал хан­дуулж, бодлогоо хэрэгжүүлж, наад захын амьдралын төвшинг хангах үүрэгтэй байдаг. Энэ төвшинээс доош унагаахгүй байх үүргийг авч явдаг. Тэр төвшин хэдий чинээ өндөр байна төдийчинээ хүмүү­сийн амьдрал ахуй сэтгэл санаа хангалуун байдаг. Жишээлбэл, радио телевизээр байр орон сууц, машин тэрэг, сургууль цэцэрлэг гээд юу л бол юуг сурталчилж байна. Нэг үеэ бодвол нийлүүлэлт сайн, хомс­дол бага болсон ч монголчууд тэр рекламдаад байгаа бараа бүтээг­дэхүүн, үйлчилгээнээс хүртэж ча­дах­гүй, орлогын эх үүсвэр байхгүй байна. Нүдээрээ харж байхад цөөхөн тооны баячуудын амьдрал, жирийн ард иргэдийн хооронд том ялгаа гарчихлаа. Төрийн үүрэг бол энэ том зөрүүг багасгах ёстой. Наад зах нь нийтийн зам тээврийн үйл­чилгээ, эмнэлэг, спортын талбай, ногоон бүс зэрэг жирийн иргэдэд хүрч очих ёстой.
Захын гэр хорооллуудад амь­дарч байгаа айл өрх төрийн ямар ч менежементгүйгээр амьдралаа үргэлжлүүлж байна. Зүгээр л урс­галаараа. Нэг айлын хашааны хажууд өөр айл нүүж ирээд хашааны шон залгаж хатгаад л барьж бууна. Тэнд зам, эмнэлэг, сургууль, үйл­чил­гээний төв барьж байгуулах ёстой гэдгийг нийслэл, дүүргийн удирдлагууд хэзээ ч тооцоолж ажлаа хийдэггүй. Борооны ули­ралд, үер усны жалганы ам дээр бууж болохгүй шүү гэж ганцхан хэлдэг зүйлтэй. Бууж байгаа хүмүүс нь мэдлэг боловсрол муу учраас буучихдаг. Үер болоод гэр орон нь юу ч үгүй урсаад явчихдаг. Үерийн дараа хэсэг бужигнаж тав, арван айл нүүлгэдэг. Үүнээс өөр зохи­цуу­лал­тын ажил хийдэггүй. Сонгогдоод гарсан хүмүүс тухайн хороо, дүүр­гүүдэд нийтийг хамарсан маш олон ажлыг хийж зохион байгуулах ёстой юм, уг нь. Гэтэл Христын сүмээс өөр хүмүүсийг олноор нь цуглуулаад янз бүрийн арга хэмжээ зохиох улаан булан байхгүй байна. Тийм л орчинд амьдарч байна. Энэ нь өөрөө дараа дараачийн гинжин урвалын зарчмаар муу сөрөг ха­рил­цаа, шинж төлөвийг бүрдүүлж улам дархлаажуулж байна. Төр, засаг ийм зүйлүүдийг анхаарч ажиллах ёстой.
-Шаардагдаад байгаа эдгээр ажлуудыг хийхэд хөрөнгө мөнгө хэр билээ?
-Өнөөдөр асар их хэмжээний төсөв мөнгөний бололцоо нийслэл, дүүргийн удирдлагуудад байна. Согогтой зүйлүүд хараг­даж байгаа хэдий ч байгаа хуу­лийнхаа хүрээнд өч төчнөөн олон зүйлийг шийдэх боломж байна. Даанч хийдэггүй албадуудтай. Яагаад гэвэл нийслэл дүүргүүдэд сөрөг хүчин байхгүй. Ард иргэд нь сонгуульд яаж оролц­соноороо ямар ач холбогдолтой байх вэ гэдгээ мэддэггүй. Нэг удаа сонгууль өгсөн. Одоо болно гэсэн байдлаар хандаж байгаа нь бас л учир дутаг­далтай. Гэтэл 90 хувь нь бидний эргэн тойронд амьдарч байгаа хороо хорон, гудамж дүүр­гийн хүрээнд явагдаж байна. Энэ бүг­дийг сүүлийн 20-иод жил халагд­даггүй дархлаатай хэдэн дарга нар удирдаад ирлээ ш дээ. Тэд нар өөрсдөө овоо хөөрхөн түнтий­чихсэн. Маш их эрх мэдэлтэй бол­чих­сон, зан ааш нь хувирчихсан, ямар ч шүүмжлэлийн үгийг авдаггүй, иргэдийн гомдол, чирэгдлийг ер­дөөсөө барагдуулж шийдэж өгдөг­гүй. Иргэд нь өөрсдөө болохоор ийм л байх ёстой гээд ойлгочихсон. Ханддаг газар нь Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ, Засгийн газар гэж боддог. Гэтэл үгүй. Гурван шатны удирдлагын хамгийн доод шат болох дүүрэг, нийслэлээс хийж эхлэх хэрэгтэй. Хан-Уул дүүр­гийнхэн өнгөрсөн орон нутгийн сонгуулиар Ардчилсан намыг сон­гос­ноороо 1990-ээд онд бугалж байсан социализмын үеийн да­ран­гуйллын системийг өөрчлөхөд ямар ч байсан салхи оруулж ирлээ. Ийм хөдөлгөөн оруулж, амилуул­сан шиг яг тийм хөдөлгөөн бусад нийс­лэл дүүргүүдэд дутагдаад байна.
-НИТХ-ийн Хан-Уул дүүргийн 13-р тойрогт нэр дэвшигчийнхээ хувьд хийхээр төлөвлөөд байгаа ямар ажлууд байна?
-Он гаргаад хийхээр төлөв­лө­сөн ажил байгаа. Биокомбинат, Сонгинод амьдарч байгаа ай­луу­дад үйлчилгээг ойртуулах зорил­гоор түлээ, нүүрсний захыг бий болгох талаар судалсан. Тэдний өдөр тутмын ахуй амьдралд хэрэг­цээтэй үйлчилгээ юм. Хаа байсан хотын зүүн зүгт байдаг Цайз захаас очиж түлээ, нүүрс авахад хэцүү. Цаг хугацаа, мөнгө төгрөг, машин тэрэг гээд зардал маш өндөр гарна. Хэрэв тэнд түлээ нүүрсний зах байгуулбал их зүйл хэмнэгдэнэ. Түүнээс гадна Биокомбинат, Шу­вуун фабрик болон Сонгино руу төмөр замыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Туул голын эрэг хөвөөгөөр байгаа элс, хайрга чулууг том даацын ачааны вагоноор зөөж тээвэрлэх хэрэгтэй. Мөн нүүрсийг тээвэрлэх боломжтой юм. Энэ бол хийж болох наад захын ажлууд.
-Танд амжилт хүсье.
Л.Эрдэнэчимэг

Friday, October 17, 2008

Азтан боллоо

Хас банкны 10 жилийн ойн баяраар 100.000 төгрөгийн картын азтанаар тодорхдоо авахуулсан агшин...

Нефть, алт, валют зэрэг бүтээгдэхүүнүүдээр арилжаанд оролцдог

Хэр баргийн хүмүүсийн зориглон орж чаддаггүй New York-ийн хөрөнгийн бирж дээр ухаан, авъяас билэг, хөрөнгө бэл бэнчингээрээ шалгарч ордог энэхүү арилжаанд монголчууд бид чөлөөтэй оролцох боломжтой юм байна. Олон улсын хөрөнгийн зах зээл дээр арилжаалагддаг олон нэр төрлийн бүтээгдэхүүнийн үнийн зөрүүгээс ашиг олох боломж байдаг хэмээн Outsourcing Merchant компанийн гүйцэтгэх захирал Х.Батсүх Форекс клубын /ForexMongoliaClub/ талаар ярилаа.

-Юуны түрүүнд Форекс клубынхаа талаар товч танилцуулахгүй юу. Ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Манай Форекс клуб нь олон улсын хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжаанд оролцдог. Клуб байгууллагдаад бараг хоёр жил болж байна.

Урьд нь цөөхөн хүний хүрээнд үйл ажилагаагаа явуулдаг байсан. Хүрээгээ улам тэлж байна. Хүмүүс ч их сонирхдог болж. Клубын гишүүнээр элссэн хэн ч байсан олон улсын үнэт цаасны арилжаанд оролцох боломжийг нээж байгдгаараа онцлог. Удахгүй манай клуб Герман улсын брокерын компанитай хамтран ажиллах талаар бэлтгэл ажилдаа ороод байна. Тиймээс гадаадад ажиллаж амьдарч байгаа Монголчуудад онлайн сургалт болон онлайн клубыг санал болгож байна.

-Герман улсын брокерын компани монголд орж ирснээр ямар ашигтай вэ?

-Гадаадын брокерын компани манай улсад орж ирснээр нэлээд хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж байна гэсэн үг. Герман улсын хамтарсан хөрөнгө оруулалтайгаар бид дэлхийн хөрөнгийн биржийн арилжаанд оролцоно. Мөн түүнчлэн хамтарч ажилласанаар үнэт цаасны тухай сургалтыг дотооддоо явуулах боломж нээгдэж байгаа. Клубынхээ гишүүдэд болон шинээр элсэж байгаа гишүүдэд маш богино хугацаанд мэргэжлийн өндөр төвшинд хүрэх, дэлхийн зах зээлийн үнэт цаасны арилжаанд оролцоход ямар мэдлэг боловсрол эзэмшүүлэх хэрэгтэй вэ гэдэг дээр гол анхааралаа хандуулан ажилладаг.

-Риск ихтэй ийм үйл ажиллагаанд тэр бүр хүмүүс оролцдоггүй байх л даа. Танайх хичнээн гишүүнтэй вэ, гишүүнээр элсэн орохын тулд ямар дүрмийн дагуу гишүүн болох вэ?

-100 гаруй гишүүнтэй. Гишүүн болсноор хэрэглэгчид болон үндсэн тредер нар хоорондоо санал бодол, туршлагаа солилцох боломжтой. Форекс клубээр дамжуулан олон улсын “Online Trading Academy”-ийн сургалтад хамрагдах боломжтой. Сонирхогчдын журмаар гишүүнээр элсэж болно. Эсвэл сургалтад хамрагдаж мэргэжлийн болж диллер, тредерч хийж болно. Хувь хүн өөрөө сонирхож байвал аль ч хэлбэрийг сонгож гишүүнээр элсэх боломжтой. Манай клубын үүд хаалга та бүхэнд нээлттэй.

-Танайд гишүүнээр элсэхийн тулд 500$ ам.доллар төлдөг гэсэн?

-Тийм. 500 ам.доллар төлснөөр “Online Trading Academyолон улсын сургалтад хамрагдаж диллер хийх эрх олж авахаас гадна Герман улсын брокерын компанитай гэрээ хийж ажиллах нөхцөл бүрдэнэ.

-Сүүлийн үед дэлхийн санхүүгийн эдийн засаг хямралд орж байна. Ийм үед алдагдалд орно биз?

-Тийм. Санхүүгийн хямралаар бирж дээр арилжааллагдаж байгаа бүтээгдэхүүнүүд бүгд унасан. Үнийн уналтаас ашиг олдог. Ийм үед эсрэгээрээ алтны үнэ бараг 200 ам.доллараар өссөн байх жишээтэй. Энэ нь тухайн брокерийн зээлийн эрхээс шалтгаалж мөнгө тань өснө гэсэн үг. Жишээ нь та 5 ам.доллараар алт авлаа гэж бодоход 200 ам.долларын өсөлт дээр 1000 ам.доллар болно. Энэ нь 20 мянган хувийн өсөлт юм. Манай банкуудын жилийн хүү нь арван найман хувь байдаг шүү дээ. Энэ 20 мянган хувийн өсөлт нь ердөө ес хоногт болж байх жишээтэй. Ийм хэмжээний ашиг олохийн тулд маш хариуцлагатай тэвчээртэй байх хэрэгтэй л дээ.

-Манайх шиг жижиг орон ийм том зах зээл дээр өрсөлдөнө гэдэг хэцүү юу?

-New York-ийн хөрөнгийн бирж дээр манайх шиг жижиг улс өрсөлдөхөд хэцүү гэж хэлж болохгүй л дээ. Олон улсын зах зээл дээр зарагдаж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн зөрүүнээс ашиг олдог учир хэнч байсан тэр арилжаанд орж болдог. Хамгийн гол нь тухайн арилжаанд орж байгаа бүтээгдэхүүний үнийн тооцоог л сайн хийх хэрэгтэй. Энэ бол мэдээж эрсдэл ихтэй. Нүдээ аниад шууд орно гэсэн ойлголт байхгүй. Тухайн бүтээгдэхүүнийг жилийн өмнөх байдлаас эхлэн судалгаа тооцоо хийсэн байх шаардлагатай. Бас дээр нь мөнгөний менежментийг зөв хийх нь чухал.

-Одоо Форекс клуб маань ямар бүтээгдэхүүнүүдээр арилжаанд орж байна?

-Нефть, алт болон бусад валют зэрэг бараа бүтээгдэхүүнүүдээр арилжаанд оролцдог. Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт бууралтын урьдчилсан судалгааг сайн хийж чадсан үед ихээхэн хэмжээний ашиг олдог. Алдагдал харьцангуй бага байдаг.

-Танай клубээс гадна өөр форексийн байгууллага байдаг уу?

-Анод банк байна. Мөн онол практикийн хэмжээнд сургалт явуулдаг клубүүд байдаг. Эдгээр байгууллага компаниуд нь ихэвчлэн анхан шатны ойлголт өгөх онолын мэдлэг өгөхөд чиглэгдсэн сургалт явуудаг. Манайх шиг мэргэжлийн шатанд бэлтгэдэг байгууллага одоогоор алга байна.

Танд баярлалаа.

МЭНДЧИЛГЭЭ

Өндөр гавъяаг нь хэмжих хэмжүүргүй
Өсөх харилцагч нарыг нь тоолох тоогүй
Үндсэн хөрөнгөөрөө түмний итгэлийг даасан
Өнөө цагийн орон зайг эзэлсэн
Хасбанкны хамт олондоо Монгол улсад бичил санхүү үүсэж хөгжсөн, Хасбанкны үндэс суурь тавигдсаны 10 жилийн ойн баярыг тохиолдуулан News.mn, Ардын эрх сонины хамт олноос халуун баярын мэндийг хүргэе.

Wednesday, October 8, 2008

Да.Ганболд: Өрх бүрт 30 сая төгрөг олгоно гэдэг үлгэр

- Ядаж 30 сая төгрөг олгох нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн нэр томъёотой байсан бол арай өөр. Засаг захиргаа, эсвэл хэн нэгэн баян хүн гэнэт гарч ирээд мөнгө өгөх ойлголт төрүүлж, хүмүүсийн тархийг угааж байдаг. Тэрэнд нь ядуу ард иргэд нь хууртдаг-

НИТХ-ын сонгуулийн 13-р тойрог буюу Хан-Уул дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшиж буй Да.Ганболдтой уулзаж ярилцлаа.

-Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар АН лидерүүдээ нэр дэвшүүлсэн байна. Яагаад ийм шийдвэр гаргах болсон юм бэ?

-Ардчилсан хувьсгал ялснаас хойш 18 жил өнгөрч байна. Энэ хугацаанд Монгол Улсын төрийн тогтолцоо, монголчууд бидний амьдралын шинэ зарчим, тодруулбал, өнөөдийн эдийн засаг, улс төр, оюун санааны харилцаа, зүнэт зүйлс Ардчилсан намын гишүүдийн санаачилга болон шахалтаас бүтэж бий болсон юм. Тухайлбал, хүний эрх, эрх чөлөө, гадаад зорчих, үг хэлэх, нам эвсэл байгуулах, нутаг усаа сонгож амьдрах эрх, гадаад гүрнүүдтэй найрсаг харилцаа тогтоон хамтран ажиллах зэрэг энэ бүх зүйлийг бий болоход Ардчилсан намын гишүүдийн оройлол их үүрэг гүйцэтгэсэн. Мөн түүнчлэн хувьдаа өмчтэй болох, газраа эзэмших, олон ургальч үзэл уралдуулах, гадаадын жуулчдыг монгол орон руу татах, монголчууд өөрсдөө гадаад ертөнцөд чөлөөтэй зорчин нүд тайлах зэрэг нааштай олон алхмыг ардчилсан нам хийсэн л дээ. Энэ он жилүүдэд Монгол Улс танигдахын аргагүй өөрчлөгдсөн. Гэсэн хэдий ч бас шийдвэрлэгдээгүй маш олон асуудал байгаа. Дээр нэрлэсэн энэ олон өөрчлөлтүүд ардчиллын буян.

Орон нутгийн сонгуулийн босгон дээр ирээд их олон зүйлийг олж харлаа. Өнгөрсөн зун болж өнгөрсөн УИХ-ын сонгуулийн явцад тоо баримтуудыг гуйвуулах, иргэд сонгогчдын тоог өөрчлөх, засварлах зэрэг маш их луйвар, булхай гарлаа. Эргээд харахад энэ бүхний цаана орон нутагт болон засаг захиргааны дунд, доод шатанд удирдлагууд нь олон жил хөдөлгөөнгүй, өрсөлдөөнгүй, ардчилал ил тод байдалгүй ажиллаж ирснээс үүдсэн буглаа их тод харагдлаа.

Тийм учраас УИХ-ийн сонгуульд амжилт гаргаж чадаагүй АН-ын олон лидерүүд, бас олондоо танигдсан олон улстөрч, өөр өөрийнхөө салбартаа өндөр амжилт байгуулсан бизнесменүүд орон нутгийн сонгуульд намаа төлөөлж оролцоё гэсэн шийдвэр гаргаад идэвхтэй ажиллаж байна. Тэгэхгүй бол бид улс орныхоо хөгжлийн ерөнхий томоохон зарчим, бодлогын шинж чанартай асуудлаар дээгүүрээ илүү түлхүү ажиллаад л байдаг. Уг чанартаа өдөр тутмын амьдралтай холбогдолтой орон нутгийн, дүүргийн, нийслэлийн, бүр өргөнөөр ярих юм бол бүх 21 аймаг, сумдын амьдралыг аваад үзэхэд хөгжил дэвшил маш бага харагдаж байна.

-Улаанбаатар хотын хувьд?

-Улаанбаатар хотыг бүхэлд нь аваад үзвэл илүү эрчимтэй хөгжсөн. Хувь хүмүүсийн хөрөнгө оруулалт, байшин барилга, хүмүүсийн унаж хөлөглөж байгаа унаа машинууд гэх мэт. Гэхдээ үүнд засаг төр ямар нэгэн зохицуулалт, бодлого хэрэгжүүлээгүй гэдэг нь харагдаж байна. Харин ч эрчимтэй хөгжиж байгаа хувийн санаачилга, хөрөнгө оруулалтыг яавал саах вэ, яаж гараа угаах вэ, яаж хувийнхаа асуудлыг илүү түлхүү шийдэх вэ гэдэг маягаар ажилласан дүр төрх ил тод харагдаад байна л даа. Тиймээс хаа сайгүй эцэс төгсгөлгүй барьж байгаа барилгын шороо тоос, дуу чимээ амьдрахад хэцүү байна. Нэг барилга бариад хамаг юмыг цэгцэлж дуусаад байж байтал яг хажууханд дахиад л нэг барилга барьж эхэлнэ. Өмнө нь бариад дууссан барилгын бүх турба, цахилгаан, ус, зам гудамж, цэцэрлэг ясли, кабелуудыг бүгдийг эвдэж сүйтгэж байж дараагийнхаа байшин барилгыг барина. Сүүлийн 10 гаруй жил эргэн тойрон дуусдаггүй барилгын талбайд шороо тоос, дуу чимээнд амьдарч байна. Эцсийн үр дүнд нь хүүхдийн тоглоомын талбайгүй, ногоон бүсгүй, эрүүл орчингүй, хотын нэгдсэн төлөвлөлтгүй болсон байна. Эмх замбараагүй хот болж байна. Зам нь эвдэрсэн, машины зогсоол байхгүй. Шинээр баригдаж байгаа оффисын зориулалттай байшин барилгууд нь нэг ч машины зогсоол, орох гарах гарцгүйгээр баригдсаар байна. Бид ийм л хотод амьдарч байна. Хотын захуудыг аваад үзвэл хэдийгээр хотод амьдарч байгаа гэж ярих боловч хамгийн алслагдсан аймаг, сумын төвөөс нэг их ялгарах юм алга. Улаанбаатар хотод ойрхон гэсэн нэг л давуу тал байхаас биш өнөөгийн амьдарч байгаа тэдний нөхцөл амьдралын шаардлагад огтхон ч нийцэхгүй байна. Тэгсэн хэрнээ 2000, 2004, 2008 оны сонгуулиар барууны орны хөгжлөөр хөгжинө гээд амлаад явж байсан байх юм. Амлалтуудаас нь нэг ч зүйл хийгдээгүй. Иргэдээс ирсэн санал гомдол, хүсэлт өргөдлүүдийг дүүргийн засаг захиргаа нь огт хайхардаггүй. Олон жилээр тэр өргөдлүүд нь ширээн дээр дараастай байдаг. Тийм учраас Ардчилсан намын удирдлагууд энэ удаагийн орон нутгийн сонгуульд илүү анхааръя гэсэн шийдвэрийг гаргаад идэвхтэй ажиллаж байна.

-Хотын төвд шавааралдан баригдсан байшин барилгуудыг яаж цэгцлэх вэ? Шинэ Улаанбаатар болгохын тулд нураагаад дахин шинэ орчин бүрдүүлж болохгүй юм уу?

-Нэгэнт баригдсан байшин барилгыг бүгдийг нураана гэвэл бүтэхгүй зүйл. Манай Монгол Улс тийм ч баян биш. Ойрын хэдэн жилдээ санхүүгийн боломж алга. Хожим алсдаа хийхийг үгүйсгэхгүй л дээ. Хамгийн гол нь өнөөдөр бүх үйл ажиллагаа эрэмбэ дэс дараалалтай явдаг байх ёстой. Манай Монгол орон Япон, Сингапур, Гонгконг, Солонгос шиг хагас арлын улс биш шүү дээ. Газар нутгийн хувьд харьцангуй том. Хүн амын хувьд цөөн. Монгол орон дэлхий дээр газар нутгын хэмжээгээр 16-д ордог. Ийм том газар нутагтай улс орон анхнаасаа хотын төлөвлөлт сайн хийх хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд эмх замбараагүй явж ирсэн учир үүнийг одоо дахин хийхэд хэцүү. Шинээр өргөжин тэлж байгаа дүүрэг, хорооллуудыг анхнаас нь дэд бүтэц, халуун хүйтэн ус, машин орж гарах замтай байхаар бүх зүйлийг тооцоолон улсаас зориуд төсөв хөрөнгө гаргаж хийх хэрэгтэй л дээ. Тэгэхдээ энэ нь баячуудад зориулсан биш. Дунд болон дундаас доош орлоготой айл өрхүүдэд зориулсан хорооллыг олноор бий болгож дүүргүүдийг хооронд нь гинжин хэлхээ холбоотой болгох замаар аажим аажмаар эрүүлжүүлнэ гэсэн үг. Тэгж байж хүмүүсийн амьдрах орчныг бүрдүүлж орчин үеийн 21-р зууны иргэд болгох ёстой. Харин нэгэнт баригдчихсан хоёр, гурван давхар барилгуудыг нураах тухай асуудал ойрын 5-10 жилд байж болохгүй л дээ.

-Хэдхэн хоногийн дараа орон нутгийн сонгууль болох гэж байна. Мэдээж сонгогчидтой уулзалт хийсэн байх. Тэдний өмнө тулгамдаад байгаа асуудлууд юу байна вэ?

-Хамгийн түрүүнд машин замын асуудал байна. Цэвэр бохир ус, цахилгаан, автобус унааы асуудал туйлын хүнд байна. Түргэн тусламж байдаггүй. Цэцэрлэг ясли хүрэлцдэггүй. Дөрвөн жилийн өмнөх асуудал одоо хүртэл хэвээрээ яригдаж байна. Шийдэгдэж хийгдсэн ажил өнөөдөр харагдахгүй байна.

-МАХН-аас НИТХын 13-р тойрогт нэр дэвшигчид “Өрх бүрт 30 сая төгрөг” өгнө гэж амлаж байна. Энэ биелэх хэр юм бол оо?

-Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар МАХН болон АН 1.0 сая уу, 1.5 сая төгрөг үү гэдэг асуудал дээр их ширүүн өрсөлдсөнийг манай сонгогчид санаж байгаа байх. Манай ард иргэдийн ихэнх хэсэг нь ядууралд автсан, амьдралын маш хүнд нөхцөлд байгаа учраас дээрээс мөнгө өгч л байвал сайхан байна гэж бодоод илүү мөнгө амласан намыг сонгож байна. Тийм учраас 1.5 сая төгрөгийн төлөө манай иргэдийн дийлэнх нь саналаа өгсөн гэдэг нь үнэн. Гэхдээ 30 сая төгрөг арай дэндүү ахадсан тоо. Ард иргэдийг доромжилж басамжилсан, ажил хийх урам зоригийг хугалсан. Юм хийж, хөрөнгө мөнгө олдог хүмүүсийг гутаасан зүйл гэж хувьдаа үзэж байна. Нэр томъёоны хувьд хүртэл буруу. Ядаж 30 сая төгрөг олгох нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн нэр томъёотой байсан бол арай өөр. Засаг захиргаа, эсвэл хэн нэгэн баян хүн гэнэт гарч ирээд мөнгө өгөх ойлголт төрүүлж, хүмүүсийн тархийг угааж байдаг. Тэрэнд нь ядуу ард иргэд нь хууртдаг.

-Хэрэв өрх бүр 30 сая төгрөг аваад байвал бид ажил хийх ямар ч шаардлагагүй болох нь ээ дээ?

-Тийм. Жилд 30 сая төгрөг өгөөд байвал Монголын ихэнх хүмүүс ажил хийх шаардлагагүй. Сард 2.5 сая төгрөгийн орлоготой айл өрх бий болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр монгол өрхийн хэрэглээ, гэрэл цахилгаан, түлээ нүүрс, хоол хүнсний дундаж үнийг аваад үзвэл сар болгон нэг өрхөд ноогдох 2.5 сая төгрөгөөр өндөр хөгжилтэй капиталист орнуудыхаас дээгүүр төвшинд Монголын иргэд амьдрах болж байна. Ирэх дөрвөн жилийн хугацаанд ямар ч үйлдвэрийн үүд хаалгыг нээгээд бид тийм их мөнгийг олж чадахгүй. Тэр бол зүгээр л үлгэр. Ард иргэдийн харанхуй, юм мэдэхгүйг далимдуулан хийж байгаа хуурмаг ажиллагаа гэж хэлж болно. Хоёрдугаарт, эдийн засгийн хувьд тодорхой хэмжээний мөнгө олгох бололцоо байлаа ч гэсэн дүүрэг, нийслэлийн засаг захиргаа ийм асуудлуудыг шийдвэрлэдэг эрх мэдэл байхгүй. Өөрөөр хэлбэл мөнгө олгодог субьект нь дүүрэг болон нийслэлийн засаг захиргааны ажилчид биш. Энд давхар мэх явж байна. Хан-Уул дүүрэг дээр туршаад үзье, ахиухан хэмжээний мөнгө амлаад байвал ард иргэд нь горьдоод, өгөөшийг нь үмхөөд сонгоод байх юм байна гэж бодсон болов уу. Энэ бол ард иргэдийг доромжилсон хэлбэр.

-Зөвхөн Хан-уул дүүрэг дээр 30 сая төгрөгийн амлалт явж байгаа. Бусад дүүргүүд дээр ийм амлалт хараахан алга. Тэгэхээр Хан-Уул дүүрэгт АН-ын хүчтэй лидер Да.Ганболд өрсөлдөж байгаатай холбоотой юм биш байгаа. Түүнийг давахын тулд ийм амлалт хэрэгтэй гэж төлөвлөсөн юм болов уу?

-Тэр талаар хэлж мэдэхгүй байна. Зориуд Ганболдод зориулж боловсруулсан хөтөлбөр гэж хэлэхэд хэцүү л дээ. Цаанаа ямар сэдэлд зориулж хийсэн нь надад сонин биш. Хамгийн гол нь 60 гаруй мянган өрх айл, нийт сонгогчдыг гутаан доромжилсон хэрэг. Ялалт байгуулъя гэсэн бодлыг хэн ч үгүйсгэхгүй. Гэхдээ улс төрөө иргэдээ хүндэтгэсэн тооцоотой, үндэслэлтэй байлгая гэж бодож байвал хожим хойно ийм аргыг давтахгүй л байсан нь дээр дээ. Хуулийн цоорхойг ашиглаж байна л даа.

-Хамтарсан Засгийн газрын талаар ямар бодолтой байна?

-МАХН нэгэнт дотроо хэлэлцээд АН-ыг урьж хамтарч ажиллах нь зүйтэй гэж үзсэн тохиолдолд энэ Засгийн газарт орж ажиллах нь зөв. Тухайн үед ч тэгж үзэж байсан. Одоо ч тэр байр суурин дээрээ байгаа. Эс тэгвээс бидэнд тулгамдаад байгаа олон асуудал ар араасаа цувраад байна. Тиймээс манай намаас УИХ-д сонгогдсон гишүүд маань Засгийн газарт орж ажиллах хэрэгтэй гэж үзсэн. Бид дуу хоолойгоо гаргаж байх ёстой. Муу ажиллаж байгаа тохиолдолд аль ч намын гишүүн байсан ямар нэгэн өршөөл байх ёсгүй. Яагаад гэвэл хамтарсан учраас алдаа дутагдлаа нууж хаацайлаад байна гэсэн үг биш. Илрүүлээд, илчлээд л ажиллах ёстой. Өнөөдөр АН цөөнх болсон ч гэсэн ард түмний өгсөн саналын дагуу сөрөг хүчний үүргээ биелүүлээд хамтран ажиллах нь зөв.

-Өмнөх жилүүдэд хоёр том нам хамтарч Засгийн газраа байгуулан ажиллаж байсан. Олигтой үр дүнд хүрэхгүй байгаа юм шиг харагдаад байдаг шүү дээ?

-Монголын хууль гурав хоногтой гэдэг шиг тийм байдал олон жил ажиглагдсан. Томоохон, бодлогын чанартай, улс орны нийгмийн хөгжлийн ерөнхий зарчмуудыг өөрчлөх гол асуудлуудаар бид өнгөрсөн 18 жилийн хугацаанд их юм хийжээ. Хуулийг хэрэгжүүлэх, хүнийг төлөвшүүлэх, ихэнх ажлууд нь аймаг, сум, дүүргүүдэд өдөр тутам хамт олны амьдрал дээр явагддаг. Ардчиллын том том алхмуудыг хийсэн боловч нийслэл, дүүрэг, аймаг, сумдад ардчиллын уур амьсгал орсонгүй. Энд бараг дарангуйлал тогтсон байна гэж хэлэхэд хилсдэхгүй. Үүнээс болоод бидний бодож сэдсэн ажлууд хагас дутуу, мушгин гуйвуулсан хэлбэрээр хэрэгжиж ирсэн. Гэсэн ч хамтарсан Засгийн газар бүрээс юу ч бүтээгүй гэж хэлж болохгүй. Хийсэн зүйлүүд ч бий. Бидний орон нутагт оролцож байгаа гол зорилго бол болохгүй, бүтэхгүй байгаа бүх зүйлийг өөрчлөхийн тулд орон нутгийн удирдлагын тогтолцоог өөрчилье гэж шийдсэн.

-НИТХ-д сонгогдвол хамгийн түрүүнд ямар ажлаас гараагаа эхэлье гэж бодож байна?

-Хамгийн түрүүнд байгаа хуулиудаа дагаж мөрдөх ёстой. Хот, барилгын маш олон стандарт байна. Улаанбаатарт 50, 60-д онд барьж байгуулсан нэг хэсэг байх жишээтэй. Явган хүний зам, машины зам гарц, ногоон бүс, хүүхдийн тоглоомын талбай гээд байх ёстой бүхий л зүйлийг барьж байгуулах л ёстой. Тийм учраас өнөөдөр шинээр баригдаж байгаа барилга, газар олголтын зарчим, эсвэл шинээр газар аваад байшин барьж байгаа компаниудад хүчин төгөлдөр байгаа хуулиудын шаардлагыг тавих хэрэгтэй. Танай барилгын талбай үүнээс хэтрэх ёсгүй, барьж байгаа барилгын талбай руу орж гарч байгаа машины дугуйнд шавар наагаад гудамж руу гарч болохгүй, орчин тойрноо бүрэн дүүрэн тохижуулаад хүлээлгэж өг гэх зэрэг хуулийн дагуух шаардлагыг мөрдүүлнэ. Албан газар бүр өөрийн хариуцдаг талбайтай. Орон сууцыг СӨХ нь хариуцдаг байх хэрэгтэй. Энд ухаан зарцуулаад байх хэрэггүй ш дээ. Цоо шинээр хууль гаргаад байх ч шаардлагагүй. Хүчинтэй байгаа хуулиудаа яс дагаад байвал ямар нэгэн ажлыг улс төржүүлэхгүйгээр шийдэж болно. Наад зах нь дээрх ажлуудыг хийх ёстой. Тэгээд дараа нь шинэ дүүргүүд, гэр хорооллууд гэсэн бодлогын чанартай асуудлууд руу залгаад орох ёстой л доо.

-Нийт сонгогчдодоо хандаж юу хэлмээр байна вэ?

-Сонголтоо зөв хийгээрэй гэж хүсэх байна. Бид Улаанбаатар хот гэж ярьдаг боловч Хан уулынхаа хаяагаар урсч байгаа хатан Туул голын эрэг дээр манай хот 400 гаруй жилийн турш хөгжиж ирлээ. Түүхийн олон зурвас үеийг туулж гарсан. Хүн амын хувьд цөөхөн боловч том нутаг дэвсгэртэй, өөрийн гэсэн нэр төртэй улс орны нийслэл. Тэр тусмаа Хан-Уул дүүрэг манай улсын нийслэлийн овог нь болсон гэж хэлж болно. Хуучин Ажилчны район гэж байсан. Дархан цаазат уулынхаа нэрээр нэрлэсэн дархан цаазат бүс нутаг. Тийм учраас Хан-Уул дүүрэг нийслэлийнхээ хөгжлийн үлгэр жишээ нь болох ёстой. Энэ зорилгыг биелүүлэхийн төлөө хамтраад ажиллацгаая гэж хэлмээр байна. Тийм бололцоо бидэнд байгаа.

Л.Эрдэнэчимэг

Thursday, September 4, 2008

Юунд ч итгэдэггүй хүн гэж энэ хорвоод байх ёсгүй


Зангиагүй яриа:

2008 оны УИХ-ын сонгуулийн 18-р тойрогт нэр дэвшиж буй Да.Ганболдыг энэ удаагийн зангиагүй яриа буландаа урилаа.

-Ярилцлагаа таны хүүхэд наснаас эхэлье. Хүүхэд байхдаа ямархуу хүүхэд байсан бэ?

-Би эмээ өвөө дээрээ өссөн. Гэрсэг, томоотой, эмээ өвөөгийн үгнээс нь гардаггүй хүүхэд байлаа. Ном их уншдаг, спорт тоглоомоор харьцангуй бага тоглодог байсан болоод ч тэр үү, багадаа бие султай хүүхэд байсан. Би хүүхэд байхаасаа эвдэрсэн тоглоомоо эвлүүлэх, янз бүрийн техник хэрэгслийг задлах, угсрах, зурах, юм бүтээх, хийх тал дээрээ илүү сонирхолтой. Тухайлбал, будаг яаж найруулах, харандаа цаасаа яаж нийлүүлэх, өнгөний хослол, хол ойрын дүрслэлийг хэрхэн гаргах зэргийг зураг зурах явцдаа мэддэг болсон.

-Таныг хүүхэд байхад таны аав ямар сургаалын үгс хайрладаг байсан бол?

-Миний аав бол нэлээн хатуу ширүүн хүн. Ямар ч асуудлаар хатуу ширүүн арга хэмжээ авахаасаа буцдаггүй, алгадуулдаг л байсан. Тухайн үедээ аавдаа уурладаг, гомддог, нүдэн дээр нулимс цийлэгнээд л ирдэг байсан боловч өнөөдөр эргээд харахад тэр бүхэн надад тус болсон. Хэзээ ч буруу юманд хүргээгүй.

-Оюутан насныхаа дурсамжаас хуваалцахгүй юу?

-Аав ээжтэйгээ хамт Орост очиж, тэнд сурч байхдаа орос хэлийг яг л орос хүн шиг сурч, ярьдаг байсан л даа. Хэлний талаар Оросын бага ястан шиг хүлээн зөвшөөрөгддөг байлаа. Хэдийгээр гадаадын иргэн гэдэг утгаараа заагтай байсан боловч олон орос найз нөхөдтэй байлаа. Одоо ч харилцаатай байдаг. Оюутан байхдаа оросуудтай адилхан л дуулж хуурддаг, наргиж цэнгэж, зодолдвол зодолдчихдог байлаа.

-Хүний амьдрал тэр чигтээ хайран дотор уяарч байдаг. Хайртаа ханьтайгаа анх хэзээ, хаана танилцсан бол?

-Монголд, 1978 онд Шинжлэх ухааны академийн шинэ жилийн үдэшлэг дээр танилцсан. Тэгээд гэрлэсэн дээ. Хоёр охинтой. Эхнэр маань 11-р дунд сургуульд дэд захирал, том охин Улаанбаатар хотод ажилладаг, бага охин маань дунд сургуульд сурдаг.

-Та машин уралдуулах хоббитой. Хурдан морь уралдуулах юмсан гэж боддог уу? Хэнтий аймаг хурдны угшилтай нутаг шүү дээ?

-Багаасаа машин техник угсардаг, задалдаг, эвлүүлдэг янз бүрийн машин хийдэг тоглоомуудаар тоглож өссөн. Тав, зургадугаар ангиасаа эхлээд машин тэрэгний талаарх түүхийг сонирхон уншдаг байсан. Тиймээс машин техникт дуртай. Намайг бага байхад өвөөгийнхГаз 67” гэдэг машинтай байсан. Тэр нь сард хоёр гурван удаа эвдэрдэг. Тэгэхэд би дандаа баярладаг байж билээ. Яагаад гэхээр эвдэрсэн үед нь өвөөтэйгээ хамт засалцдаг байхгүй юу. Машины сэлбэг олж авахын тулд зах болон хөдөө, сум, сангийн аж ахуй руу явж төмрийн хогоор хэсэж, янз бүрийн эрэг боолт, техникийн эд ангиудыг цуглуулдаг байсан. Манай өвөөгийн болон аав ах дүү нарын хашаа төмрийн хогоор дүүрчихдэг байсан л даа.

Хэнтий аймгийн Баянхутаг сумын Содномпил, мөн Биндэр сумын Чойжил гээд өвгөцүүл байдаг. Тэднийхний хашаанд одоо ч гэсэн цуглуулсан төмрийн хогтой. Тийм хүмүүсийн яриаг сонсох, хийсэн бүтээсэн юмыг харах, үзэл бодлоо хуваалцах дуртай. Үүнээс үүдэн машин уралдуулах сонирхолтой болсон. “БатхүлэггээдУаз 469” машины уралдаан зохион байгуулдаг. Гадаад уруу үзэсгэлэнд явахдаа хувцас хунар гэхээсээ илүү гол төлөв машин техник, тоног төхөөрөмжийг сонирхдог. Энэ нь ТЗХЭГазрын дарга хийхэд ихээхэн тус нэмэр болсон гэж боддог.

-Хурдан морины хувьд?

-Мэргэжлийн уяач гэж өөрийгөө хэлж чадахгүй. 1990 оноос хойш хүмүүсийн бэлгэнд өгсөн нэлээд хэдэн морь бий. Бүгдийг нь бөөгнөрүүлж, байнгын уралдаан тэмцээнд уралдуулж оролцож явдаггүй. Миний нэрийн өмнөөс Хэнтийн ганц нэг сумдын ойн арга хэмжээнд сойж уралдуулдаг юм бий. Түүнээс биш би өөрөө уралдуулах цаг зав байхгүй л дээ.

-Сайн уяачийг хөлслөөд хурдан хүлгээсээ сойж болдоггүй юм уу?

-Болохгүй. Маш их үнэтэй спорт. Их мөнгөтэй, их завтай хүний хийдэг ажил гэж боддог.

-Ихэнх эрчүүд загас барьж, ан хийх дуртай байдаг. Таны хувьд?

-Эр хүн болохоор ан хийх дуртай. Гэхдээ ан гөрөө хийгээд явах цаг зав гарахгүй юм даа. Хааяахан амралтаараа хөдөө гадаа явахдаа загас барьж, загасны шөл уудаг.

-Таныг эртний эдлэл цуглуулах дуртай гэж сонссон. Ийм төрлийн цуглуулгын онцлог нь юу байдаг вэ?

-Эртний эдлэл бол тухайн ард түмний түүх, соёлыг шингээсэн байдгаараа үнэт зүйл болдог. Гэтэл энэ үнэтэй цэнэтэй зүйл маань янз бүрийн арга замаар хил даваад алга болчих тохиолдол их байдаг. Харин хувийн цуглуулагчид тэдгээрийг эх орондоо авч үлддэг. Энэ утгаараа эртний эдлэл нь зөвхөн тухайн цуглуулагчийнх төдийгүй ард түмнийх юм. Миний хувьд цуглуулга хийх хобби маань ааваас эхлэлтэй. Аавын минь бэлэглэсэн хөөрөг, бурхан булган сүүлээр даллаж, цуглуулгад маань монголын түүхийг харуулсан гар урлалын зүйл аяга, халбага, сэрээнээс эхлээд бурхан шашны эд зүйл авдар сав, морины тоноглол, хадаас, цоож, нугас, дээр үеийн зэвэрсэн нум сумны хонгио гэх мэт юу л бол юу бий шүү.

-Шилдэг улс төрч болоход таны ямар зан чанар илүү нөлөөлсөн бол?

-Хүн өөрийгөө шилдэг улс төрч гэхээс илүү бусад хүмүүс намайг тодорхойлно шүү дээ. Би өөрөө эхэлж бусдыг хүндэлж, хүний итгэлийг даах хэрэгтэй л дээ. 18 жилийн хугацаанд улс төрд оролцож яваа миний амьдралын минь зам, баримталдаг зарчим, ардчиллын хөгжилд оруулсан хувь нэмэр, хүмүүстэй харилцдаг, хамтарч ажилладаг арга барил маань л шилдэг улс төрч гэдэг үнэлгээг авахад нөлөөлсөн нь лавтай. Яагаад гэвэл би амьдралын идэвхтэй зарчмыг баримталдаг болохоор өөрийгөө жирийн дундаж гэж бодохгүй байна.

-Монголын ихэнх лидерүүд зах зээл эхлэх үедГанзагын наймаахийж байсан. Харин та яагаад ганзагын наймаанд оролцоогүй юм бол?

-Би өөрөө наймаа хийж байгаагүй. Улс эх орондоо юм хийж бүтээх бодолтой, улсаа хөгжүүлэх юмсан гэж эхнээсээ л зүтгэж явсан. Тэгээд ч чадлын хэрээр, боломжоороо ажиллаад явж байна. Харин манай хамаатанууд наймаа хийж байсан л даа.

-Таны хоолойны өнгө Радио, Телевизийн нэвтрүүлэгч баймаар сонсогдож байна л даа. Хэрэв улс төрч, эдийн засагч мэргэжлийг эзэмшээгүй байсан бол та ямар мэргэжил эзэмших байсан бол?

-Төмөр, модтой харьцдаг инженер болох байсан байх.

-Их эзэн Чингис хаан бөө мөргөлийг баримталдаг байсан. Таны хувьд бөө мөргөл ба шашны тухай ямар бодолтой байдаг вэ?

-Чингис хаан бөөгийн шашинтай улсад төрөөд, тэрийгээ дагаад л явж байсан. Тулгар төрийг байгуулан Монгол улсыг нэгтгэсний дараа дэлхийн олон улс орны олон шинэ соёлтой танилцаж, Их Монгол улсыг бичиг үсэгтэй, төрийн ёс жаягтай болгосны эцэст бүх шашнуудын аль нэгийг нь туйлшруулж болохгүй гэдэг зарчмыг баримталдаг байсан. Чингис хааны дагаж мөрдөж байсан шашин нь гэвэл бөөгийн шашин мөн. Миний хувьд ч гэсэн социализмын үед өсөж хүмүүжсэн учраас ерөнхийдөө материалист талдаа. Гэхдээ юунд ч итгэдэггүй хүн гэж энэ хорвоод байх ёсгүй. Хүн ямар нэгэн итгэл үнэмшилтэй байж амьдарна шүү дээ. Монгол улсын нийтээрээ дагаж мөрддөг бурхны шашин байна. Энэ шашнаар тайлбарлаж болдог, бас болдоггүй юм гэж өчнөөн байна. Тийм учраас монголчууд бидний дагаж мөрддөг шашны ёс заншлыг яг л тэр ном ёсоор нь дагаж мөрдөхийг хичээдэг.

-Сүүлийн үед улс төрч, эдийн засагчид ном зохиол их бичиж хэвлүүлдэг болсон. Таны хувьд бичиж хэвлүүлсэн ном зохиол бий юу?

-Эдийн засгийн онолынМикро эдийн засаг”, “Макро эдийн засаг гэсэн номууд болон монгол улсыг гадаад улс орнуудад танилцууллах зорилгоор монголын тухай бичиж хэвлүүлсэн ном бий.

-Удахгүй сонгууль болох гэж байгаатай холбогдуулаад нэг асуулт тодруулж асууя. Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт иргэн бүрт эрдэнийн хувь нэг сая төгрөг өгнө гэж оруулсан байгаа. Хэр биелэгдэх үндэслэлтэй юм бол?

-Үндэслэлтэй. Монгол улс бол баян. Олон жилийн туршид том баялгийг сандайлан суусан гуйлгачин гэж хэлэгддэг байлаа. Бид, гуйлгачин баймааргүй байна. Хамгийн гол нь баялгаа мэддэг, хариуцлагатай байж, гадны оновчтой туршлагаас суралцдаг байх хэрэгтэй. Дэлхийд цоо шинэ унадаг дугуй, аяга шаазан зохиогоод үйлдвэрлэх шаардлага байхгүй. Ямар аргаар явбал ядуурдаггүй, ямар аргаар хождог вэ гэдгийг мэддэг хүмүүсийг нь сонговол хөгжих шийдлүүд нь тодорхой байна. Монгол шиг ийм том баялагтай улс, энэ баялгийг яаж ашиглах вэ гэдэг талаар дэлхийн маш олон жишээнээс сонгож авах л асуудал байгаа болохоос биш шийдэхэд хэцүү асуудал биш.

-Сүүлчийн асуултаа асууя. Сонгогчдодоо хандаж юу хэлмээр байна?

-Нутаг усандаа эзэн байя. Амьдралын олон асуудлыг хэдийгээр шийдвэрлээгүй ч гэсэн ирээдүйгээ харж амьдаръя. Хариуцлагатай сонгогч байя. Бүх бурууг сонгогдсон УИХ-ын гишүүд юм уу, Засгийн газрын томоохон албан тушаалтнуудад оногдуулж болохгүй ээ. Энэ хүмүүс гэнэт УИХ-ын гишүүн болъё гээд гарч ирээгүй. Харин ард түмэн өөрсдөө сонгож гаргадгийг мартаж болохгүй. Сонгосныхаа дараа тэр ч хүн, энэ ч хүн болохгүй байна гэхээс илүү би ямар хүнийг сонгох ёстой юм бэ? Хариуцлагагүй сонгол ямар уршигтайг мэддэг хариуцлагатай сонгогч байх хэрэгтэй. Ингэж чадвал зөвхөн нэг хэсэг хүмүүсийн амьдрал биш нийт сонгогч бидний, монголчуудын амьдрал ахуй дээшилнэ шүү дээ гэдгийг ухаарах хэрэгтэй.

Ярилцлага өгсөн Танд баярлалаа.