
2008 оны УИХ-ын сонгуулийн 18-р тойрогт нэр дэвшиж буй Да.Ганболдыг энэ удаагийн зангиагүй яриа буландаа урилаа.
-Би эмээ өвөө дээрээ өссөн. Гэрсэг, томоотой, эмээ өвөөгийн үгнээс нь гардаггүй хүүхэд байлаа. Ном их уншдаг, спорт тоглоомоор харьцангуй бага тоглодог байсан болоод ч тэр үү, багадаа бие султай хүүхэд байсан. Би хүүхэд байхаасаа эвдэрсэн тоглоомоо эвлүүлэх, янз бүрийн техник хэрэгслийг задлах, угсрах, зурах, юм бүтээх, хийх тал дээрээ илүү сонирхолтой. Тухайлбал, будаг яаж найруулах, харандаа цаасаа яаж нийлүүлэх, өнгөний хослол, хол ойрын дүрслэлийг хэрхэн гаргах зэргийг зураг зурах явцдаа мэддэг болсон.
-Таныг хүүхэд байхад таны аав ямар сургаалын үгс хайрладаг байсан бол?
-Миний аав бол нэлээн хатуу ширүүн хүн. Ямар ч асуудлаар хатуу ширүүн арга хэмжээ авахаасаа буцдаггүй, алгадуулдаг л байсан. Тухайн үедээ аавдаа уурладаг, гомддог, нүдэн дээр нулимс цийлэгнээд л ирдэг байсан боловч өнөөдөр эргээд харахад тэр бүхэн надад тус болсон. Хэзээ ч буруу юманд хүргээгүй.
-Оюутан насныхаа дурсамжаас хуваалцахгүй юу?
-Аав ээжтэйгээ хамт Орост очиж, тэнд сурч байхдаа орос хэлийг яг л орос хүн шиг сурч, ярьдаг байсан л даа. Хэлний талаар Оросын бага ястан шиг хүлээн зөвшөөрөгддөг байлаа. Хэдийгээр гадаадын иргэн гэдэг утгаараа заагтай байсан боловч олон орос найз нөхөдтэй байлаа. Одоо ч харилцаатай байдаг. Оюутан байхдаа оросуудтай адилхан л дуулж хуурддаг, наргиж цэнгэж, зодолдвол зодолдчихдог байлаа.
-Хүний амьдрал тэр чигтээ хайран дотор уяарч байдаг. Хайртаа ханьтайгаа анх хэзээ, хаана танилцсан бол?
-Монголд, 1978 онд Шинжлэх ухааны академийн шинэ жилийн үдэшлэг дээр танилцсан. Тэгээд гэрлэсэн дээ. Хоёр охинтой. Эхнэр маань 11-р дунд сургуульд дэд захирал, том охин Улаанбаатар хотод ажилладаг, бага охин маань дунд сургуульд сурдаг.
-Та машин уралдуулах хоббитой. Хурдан морь уралдуулах юмсан гэж боддог уу? Хэнтий аймаг хурдны угшилтай нутаг шүү дээ?
-Багаасаа машин техник угсардаг, задалдаг, эвлүүлдэг янз бүрийн машин хийдэг тоглоомуудаар тоглож өссөн. Тав, зургадугаар ангиасаа эхлээд машин тэрэгний талаарх түүхийг сонирхон уншдаг байсан. Тиймээс машин техникт дуртай. Намайг бага байхад өвөөгийнх “Газ 67” гэдэг машинтай байсан. Тэр нь сард хоёр гурван удаа эвдэрдэг. Тэгэхэд би дандаа баярладаг байж билээ. Яагаад гэхээр эвдэрсэн үед нь өвөөтэйгээ хамт засалцдаг байхгүй юу. Машины сэлбэг олж авахын тулд зах болон хөдөө, сум, сангийн аж ахуй руу явж төмрийн хогоор хэсэж, янз бүрийн эрэг боолт, техникийн эд ангиудыг цуглуулдаг байсан. Манай өвөөгийн болон аав ах дүү нарын хашаа төмрийн хогоор дүүрчихдэг байсан л даа.
Хэнтий аймгийн Баянхутаг сумын Содномпил, мөн Биндэр сумын Чойжил гээд өвгөцүүл байдаг. Тэднийхний хашаанд одоо ч гэсэн цуглуулсан төмрийн хогтой. Тийм хүмүүсийн яриаг сонсох, хийсэн бүтээсэн юмыг харах, үзэл бодлоо хуваалцах дуртай. Үүнээс үүдэн машин уралдуулах сонирхолтой болсон. “Батхүлэг” гээд “Уаз 469” машины уралдаан зохион байгуулдаг. Гадаад уруу үзэсгэлэнд явахдаа хувцас хунар гэхээсээ илүү гол төлөв машин техник, тоног төхөөрөмжийг сонирхдог. Энэ нь ТЗХЭГазрын дарга хийхэд ихээхэн тус нэмэр болсон гэж боддог.
-Хурдан морины хувьд?
-Мэргэжлийн уяач гэж өөрийгөө хэлж чадахгүй. 1990 оноос хойш хүмүүсийн бэлгэнд өгсөн нэлээд хэдэн морь бий. Бүгдийг нь бөөгнөрүүлж, байнгын уралдаан тэмцээнд уралдуулж оролцож явдаггүй. Миний нэрийн өмнөөс Хэнтийн ганц нэг сумдын ойн арга хэмжээнд сойж уралдуулдаг юм бий. Түүнээс биш би өөрөө уралдуулах цаг зав байхгүй л дээ.
-Сайн уяачийг хөлслөөд хурдан хүлгээсээ сойж болдоггүй юм уу?
-Болохгүй. Маш их үнэтэй спорт. Их мөнгөтэй, их завтай хүний хийдэг ажил гэж боддог.
-Ихэнх эрчүүд загас барьж, ан хийх дуртай байдаг. Таны хувьд?
-Эр хүн болохоор ан хийх дуртай. Гэхдээ ан гөрөө хийгээд явах цаг зав гарахгүй юм даа. Хааяахан амралтаараа хөдөө гадаа явахдаа загас барьж, загасны шөл уудаг.
-Таныг эртний эдлэл цуглуулах дуртай гэж сонссон. Ийм төрлийн цуглуулгын онцлог нь юу байдаг вэ?
-Эртний эдлэл бол тухайн ард түмний түүх, соёлыг шингээсэн байдгаараа үнэт зүйл болдог. Гэтэл энэ үнэтэй цэнэтэй зүйл маань янз бүрийн арга замаар хил даваад алга болчих тохиолдол их байдаг. Харин хувийн цуглуулагчид тэдгээрийг эх орондоо авч үлддэг. Энэ утгаараа эртний эдлэл нь зөвхөн тухайн цуглуулагчийнх төдийгүй ард түмнийх юм. Миний хувьд цуглуулга хийх хобби маань ааваас эхлэлтэй. Аавын минь бэлэглэсэн хөөрөг, бурхан булган сүүлээр даллаж, цуглуулгад маань монголын түүхийг харуулсан гар урлалын зүйл аяга, халбага, сэрээнээс эхлээд бурхан шашны эд зүйл авдар сав, морины тоноглол, хадаас, цоож, нугас, дээр үеийн зэвэрсэн нум сумны хонгио гэх мэт юу л бол юу бий шүү.
-Шилдэг улс төрч болоход таны ямар зан чанар илүү нөлөөлсөн бол?
-Хүн өөрийгөө шилдэг улс төрч гэхээс илүү бусад хүмүүс намайг тодорхойлно шүү дээ. Би өөрөө эхэлж бусдыг хүндэлж, хүний итгэлийг даах хэрэгтэй л дээ. 18 жилийн хугацаанд улс төрд оролцож яваа миний амьдралын минь зам, баримталдаг зарчим, ардчиллын хөгжилд оруулсан хувь нэмэр, хүмүүстэй харилцдаг, хамтарч ажилладаг арга барил маань л шилдэг улс төрч гэдэг үнэлгээг авахад нөлөөлсөн нь лавтай. Яагаад гэвэл би амьдралын идэвхтэй зарчмыг баримталдаг болохоор өөрийгөө жирийн дундаж гэж бодохгүй байна.
-Монголын ихэнх лидерүүд зах зээл эхлэх үед “Ганзагын наймаа” хийж байсан. Харин та яагаад ганзагын наймаанд оролцоогүй юм бол?
-Би өөрөө наймаа хийж байгаагүй. Улс эх орондоо юм хийж бүтээх бодолтой, улсаа хөгжүүлэх юмсан гэж эхнээсээ л зүтгэж явсан. Тэгээд ч чадлын хэрээр, боломжоороо ажиллаад явж байна. Харин манай хамаатанууд наймаа хийж байсан л даа.
-Таны хоолойны өнгө Радио, Телевизийн нэвтрүүлэгч баймаар сонсогдож байна л даа. Хэрэв улс төрч, эдийн засагч мэргэжлийг эзэмшээгүй байсан бол та ямар мэргэжил эзэмших байсан бол?
-Төмөр, модтой харьцдаг инженер болох байсан байх.
-Их эзэн Чингис хаан бөө мөргөлийг баримталдаг байсан. Таны хувьд бөө мөргөл ба шашны тухай ямар бодолтой байдаг вэ?
-Чингис хаан бөөгийн шашинтай улсад төрөөд, тэрийгээ дагаад л явж байсан. Тулгар төрийг байгуулан Монгол улсыг нэгтгэсний дараа дэлхийн олон улс орны олон шинэ соёлтой танилцаж, Их Монгол улсыг бичиг үсэгтэй, төрийн ёс жаягтай болгосны эцэст бүх шашнуудын аль нэгийг нь туйлшруулж болохгүй гэдэг зарчмыг баримталдаг байсан. Чингис хааны дагаж мөрдөж байсан шашин нь гэвэл бөөгийн шашин мөн. Миний хувьд ч гэсэн социализмын үед өсөж хүмүүжсэн учраас ерөнхийдөө материалист талдаа. Гэхдээ юунд ч итгэдэггүй хүн гэж энэ хорвоод байх ёсгүй. Хүн ямар нэгэн итгэл үнэмшилтэй байж амьдарна шүү дээ. Монгол улсын нийтээрээ дагаж мөрддөг бурхны шашин байна. Энэ шашнаар тайлбарлаж болдог, бас болдоггүй юм гэж өчнөөн байна. Тийм учраас монголчууд бидний дагаж мөрддөг шашны ёс заншлыг яг л тэр ном ёсоор нь дагаж мөрдөхийг хичээдэг.
-Сүүлийн үед улс төрч, эдийн засагчид ном зохиол их бичиж хэвлүүлдэг болсон. Таны хувьд бичиж хэвлүүлсэн ном зохиол бий юу?
-Эдийн засгийн онолын “Микро эдийн засаг”, “Макро эдийн засаг” гэсэн номууд болон монгол улсыг гадаад улс орнуудад танилцууллах зорилгоор монголын тухай бичиж хэвлүүлсэн ном бий.
-Удахгүй сонгууль болох гэж байгаатай холбогдуулаад нэг асуулт тодруулж асууя. Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт иргэн бүрт эрдэнийн хувь нэг сая төгрөг өгнө гэж оруулсан байгаа. Хэр биелэгдэх үндэслэлтэй юм бол?
-Үндэслэлтэй. Монгол улс бол баян. Олон жилийн туршид том баялгийг сандайлан суусан гуйлгачин гэж хэлэгддэг байлаа. Бид, гуйлгачин баймааргүй байна. Хамгийн гол нь баялгаа мэддэг, хариуцлагатай байж, гадны оновчтой туршлагаас суралцдаг байх хэрэгтэй. Дэлхийд цоо шинэ унадаг дугуй, аяга шаазан зохиогоод үйлдвэрлэх шаардлага байхгүй. Ямар аргаар явбал ядуурдаггүй, ямар аргаар хождог вэ гэдгийг мэддэг хүмүүсийг нь сонговол хөгжих шийдлүүд нь тодорхой байна. Монгол шиг ийм том баялагтай улс, энэ баялгийг яаж ашиглах вэ гэдэг талаар дэлхийн маш олон жишээнээс сонгож авах л асуудал байгаа болохоос биш шийдэхэд хэцүү асуудал биш.
-Сүүлчийн асуултаа асууя. Сонгогчдодоо хандаж юу хэлмээр байна?
-Нутаг усандаа эзэн байя. Амьдралын олон асуудлыг хэдийгээр шийдвэрлээгүй ч гэсэн ирээдүйгээ харж амьдаръя. Хариуцлагатай сонгогч байя. Бүх бурууг сонгогдсон УИХ-ын гишүүд юм уу, Засгийн газрын томоохон албан тушаалтнуудад оногдуулж болохгүй ээ. Энэ хүмүүс гэнэт УИХ-ын гишүүн болъё гээд гарч ирээгүй. Харин ард түмэн өөрсдөө сонгож гаргадгийг мартаж болохгүй. Сонгосныхаа дараа тэр ч хүн, энэ ч хүн болохгүй байна гэхээс илүү би ямар хүнийг сонгох ёстой юм бэ? Хариуцлагагүй сонгол ямар уршигтайг мэддэг хариуцлагатай сонгогч байх хэрэгтэй. Ингэж чадвал зөвхөн нэг хэсэг хүмүүсийн амьдрал биш нийт сонгогч бидний, монголчуудын амьдрал ахуй дээшилнэ шүү дээ гэдгийг ухаарах хэрэгтэй.
Ярилцлага өгсөн Танд баярлалаа.
No comments:
Post a Comment