НИТХ-ын сонгуулийн 13-р тойрог буюу Хан-Уул дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшиж буй Да.Ганболдтой уулзаж ярилцлаа.
-Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар АН лидерүүдээ нэр дэвшүүлсэн байна. Яагаад ийм шийдвэр гаргах болсон юм бэ?
-Ардчилсан хувьсгал ялснаас хойш 18 жил өнгөрч байна. Энэ хугацаанд Монгол Улсын төрийн тогтолцоо, монголчууд бидний амьдралын шинэ зарчим, тодруулбал, өнөөдийн эдийн засаг, улс төр, оюун санааны харилцаа, зүнэт зүйлс Ардчилсан намын гишүүдийн санаачилга болон шахалтаас бүтэж бий болсон юм. Тухайлбал, хүний эрх, эрх чөлөө, гадаад зорчих, үг хэлэх, нам эвсэл байгуулах, нутаг усаа сонгож амьдрах эрх, гадаад гүрнүүдтэй найрсаг харилцаа тогтоон хамтран ажиллах зэрэг энэ бүх зүйлийг бий болоход Ардчилсан намын гишүүдийн оройлол их үүрэг гүйцэтгэсэн. Мөн түүнчлэн хувьдаа өмчтэй болох, газраа эзэмших, олон ургальч үзэл уралдуулах, гадаадын жуулчдыг монгол орон руу татах, монголчууд өөрсдөө гадаад ертөнцөд чөлөөтэй зорчин нүд тайлах зэрэг нааштай олон алхмыг ардчилсан нам хийсэн л дээ. Энэ он жилүүдэд Монгол Улс танигдахын аргагүй өөрчлөгдсөн. Гэсэн хэдий ч бас шийдвэрлэгдээгүй маш олон асуудал байгаа. Дээр нэрлэсэн энэ олон өөрчлөлтүүд ардчиллын буян.
Орон нутгийн сонгуулийн босгон дээр ирээд их олон зүйлийг олж харлаа. Өнгөрсөн зун болж өнгөрсөн УИХ-ын сонгуулийн явцад тоо баримтуудыг гуйвуулах, иргэд сонгогчдын тоог өөрчлөх, засварлах зэрэг маш их луйвар, булхай гарлаа. Эргээд харахад энэ бүхний цаана орон нутагт болон засаг захиргааны дунд, доод шатанд удирдлагууд нь олон жил хөдөлгөөнгүй, өрсөлдөөнгүй, ардчилал ил тод байдалгүй ажиллаж ирснээс үүдсэн буглаа их тод харагдлаа.
Тийм учраас УИХ-ийн сонгуульд амжилт гаргаж чадаагүй АН-ын олон лидерүүд, бас олондоо танигдсан олон улстөрч, өөр өөрийнхөө салбартаа өндөр амжилт байгуулсан бизнесменүүд орон нутгийн сонгуульд намаа төлөөлж оролцоё гэсэн шийдвэр гаргаад идэвхтэй ажиллаж байна. Тэгэхгүй бол бид улс орныхоо хөгжлийн ерөнхий томоохон зарчим, бодлогын шинж чанартай асуудлаар дээгүүрээ илүү түлхүү ажиллаад л байдаг. Уг чанартаа өдөр тутмын амьдралтай холбогдолтой орон нутгийн, дүүргийн, нийслэлийн, бүр өргөнөөр ярих юм бол бүх 21 аймаг, сумдын амьдралыг аваад үзэхэд хөгжил дэвшил маш бага харагдаж байна.
-Улаанбаатар хотын хувьд?
-Улаанбаатар хотыг бүхэлд нь аваад үзвэл илүү эрчимтэй хөгжсөн. Хувь хүмүүсийн хөрөнгө оруулалт, байшин барилга, хүмүүсийн унаж хөлөглөж байгаа унаа машинууд гэх мэт. Гэхдээ үүнд засаг төр ямар нэгэн зохицуулалт, бодлого хэрэгжүүлээгүй гэдэг нь харагдаж байна. Харин ч эрчимтэй хөгжиж байгаа хувийн санаачилга, хөрөнгө оруулалтыг яавал саах вэ, яаж гараа угаах вэ, яаж хувийнхаа асуудлыг илүү түлхүү шийдэх вэ гэдэг маягаар ажилласан дүр төрх ил тод харагдаад байна л даа. Тиймээс хаа сайгүй эцэс төгсгөлгүй барьж байгаа барилгын шороо тоос, дуу чимээ амьдрахад хэцүү байна. Нэг барилга бариад хамаг юмыг цэгцэлж дуусаад байж байтал яг хажууханд дахиад л нэг барилга барьж эхэлнэ. Өмнө нь бариад дууссан барилгын бүх турба, цахилгаан, ус, зам гудамж, цэцэрлэг ясли, кабелуудыг бүгдийг эвдэж сүйтгэж байж дараагийнхаа байшин барилгыг барина. Сүүлийн 10 гаруй жил эргэн тойрон дуусдаггүй барилгын талбайд шороо тоос, дуу чимээнд амьдарч байна. Эцсийн үр дүнд нь хүүхдийн тоглоомын талбайгүй, ногоон бүсгүй, эрүүл орчингүй, хотын нэгдсэн төлөвлөлтгүй болсон байна. Эмх замбараагүй хот болж байна. Зам нь эвдэрсэн, машины зогсоол байхгүй. Шинээр баригдаж байгаа оффисын зориулалттай байшин барилгууд нь нэг ч машины зогсоол, орох гарах гарцгүйгээр баригдсаар байна. Бид ийм л хотод амьдарч байна. Хотын захуудыг аваад үзвэл хэдийгээр хотод амьдарч байгаа гэж ярих боловч хамгийн алслагдсан аймаг, сумын төвөөс нэг их ялгарах юм алга. Улаанбаатар хотод ойрхон гэсэн нэг л давуу тал байхаас биш өнөөгийн амьдарч байгаа тэдний нөхцөл амьдралын шаардлагад огтхон ч нийцэхгүй байна. Тэгсэн хэрнээ 2000, 2004, 2008 оны сонгуулиар барууны орны хөгжлөөр хөгжинө гээд амлаад явж байсан байх юм. Амлалтуудаас нь нэг ч зүйл хийгдээгүй. Иргэдээс ирсэн санал гомдол, хүсэлт өргөдлүүдийг дүүргийн засаг захиргаа нь огт хайхардаггүй. Олон жилээр тэр өргөдлүүд нь ширээн дээр дараастай байдаг. Тийм учраас Ардчилсан намын удирдлагууд энэ удаагийн орон нутгийн сонгуульд илүү анхааръя гэсэн шийдвэрийг гаргаад идэвхтэй ажиллаж байна.
-Хотын төвд шавааралдан баригдсан байшин барилгуудыг яаж цэгцлэх вэ? Шинэ Улаанбаатар болгохын тулд нураагаад дахин шинэ орчин бүрдүүлж болохгүй юм уу?
-Нэгэнт баригдсан байшин барилгыг бүгдийг нураана гэвэл бүтэхгүй зүйл. Манай Монгол Улс тийм ч баян биш. Ойрын хэдэн жилдээ санхүүгийн боломж алга. Хожим алсдаа хийхийг үгүйсгэхгүй л дээ. Хамгийн гол нь өнөөдөр бүх үйл ажиллагаа эрэмбэ дэс дараалалтай явдаг байх ёстой. Манай Монгол орон Япон, Сингапур, Гонгконг, Солонгос шиг хагас арлын улс биш шүү дээ. Газар нутгийн хувьд харьцангуй том. Хүн амын хувьд цөөн. Монгол орон дэлхий дээр газар нутгын хэмжээгээр 16-д ордог. Ийм том газар нутагтай улс орон анхнаасаа хотын төлөвлөлт сайн хийх хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд эмх замбараагүй явж ирсэн учир үүнийг одоо дахин хийхэд хэцүү. Шинээр өргөжин тэлж байгаа дүүрэг, хорооллуудыг анхнаас нь дэд бүтэц, халуун хүйтэн ус, машин орж гарах замтай байхаар бүх зүйлийг тооцоолон улсаас зориуд төсөв хөрөнгө гаргаж хийх хэрэгтэй л дээ. Тэгэхдээ энэ нь баячуудад зориулсан биш. Дунд болон дундаас доош орлоготой айл өрхүүдэд зориулсан хорооллыг олноор бий болгож дүүргүүдийг хооронд нь гинжин хэлхээ холбоотой болгох замаар аажим аажмаар эрүүлжүүлнэ гэсэн үг. Тэгж байж хүмүүсийн амьдрах орчныг бүрдүүлж орчин үеийн 21-р зууны иргэд болгох ёстой. Харин нэгэнт баригдчихсан хоёр, гурван давхар барилгуудыг нураах тухай асуудал ойрын 5-10 жилд байж болохгүй л дээ.
-Хэдхэн хоногийн дараа орон нутгийн сонгууль болох гэж байна. Мэдээж сонгогчидтой уулзалт хийсэн байх. Тэдний өмнө тулгамдаад байгаа асуудлууд юу байна вэ?
-Хамгийн түрүүнд машин замын асуудал байна. Цэвэр бохир ус, цахилгаан, автобус унааы асуудал туйлын хүнд байна. Түргэн тусламж байдаггүй. Цэцэрлэг ясли хүрэлцдэггүй. Дөрвөн жилийн өмнөх асуудал одоо хүртэл хэвээрээ яригдаж байна. Шийдэгдэж хийгдсэн ажил өнөөдөр харагдахгүй байна.
-МАХН-аас НИТХын 13-р тойрогт нэр дэвшигчид “Өрх бүрт 30 сая төгрөг” өгнө гэж амлаж байна. Энэ биелэх хэр юм бол оо?
-Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар МАХН болон АН 1.0 сая уу, 1.5 сая төгрөг үү гэдэг асуудал дээр их ширүүн өрсөлдсөнийг манай сонгогчид санаж байгаа байх. Манай ард иргэдийн ихэнх хэсэг нь ядууралд автсан, амьдралын маш хүнд нөхцөлд байгаа учраас дээрээс мөнгө өгч л байвал сайхан байна гэж бодоод илүү мөнгө амласан намыг сонгож байна. Тийм учраас 1.5 сая төгрөгийн төлөө манай иргэдийн дийлэнх нь саналаа өгсөн гэдэг нь үнэн. Гэхдээ 30 сая төгрөг арай дэндүү ахадсан тоо. Ард иргэдийг доромжилж басамжилсан, ажил хийх урам зоригийг хугалсан. Юм хийж, хөрөнгө мөнгө олдог хүмүүсийг гутаасан зүйл гэж хувьдаа үзэж байна. Нэр томъёоны хувьд хүртэл буруу. Ядаж 30 сая төгрөг олгох нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн нэр томъёотой байсан бол арай өөр. Засаг захиргаа, эсвэл хэн нэгэн баян хүн гэнэт гарч ирээд мөнгө өгөх ойлголт төрүүлж, хүмүүсийн тархийг угааж байдаг. Тэрэнд нь ядуу ард иргэд нь хууртдаг.
-Хэрэв өрх бүр 30 сая төгрөг аваад байвал бид ажил хийх ямар ч шаардлагагүй болох нь ээ дээ?
-Тийм. Жилд 30 сая төгрөг өгөөд байвал Монголын ихэнх хүмүүс ажил хийх шаардлагагүй. Сард 2.5 сая төгрөгийн орлоготой айл өрх бий болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр монгол өрхийн хэрэглээ, гэрэл цахилгаан, түлээ нүүрс, хоол хүнсний дундаж үнийг аваад үзвэл сар болгон нэг өрхөд ноогдох 2.5 сая төгрөгөөр өндөр хөгжилтэй капиталист орнуудыхаас дээгүүр төвшинд Монголын иргэд амьдрах болж байна. Ирэх дөрвөн жилийн хугацаанд ямар ч үйлдвэрийн үүд хаалгыг нээгээд бид тийм их мөнгийг олж чадахгүй. Тэр бол зүгээр л үлгэр. Ард иргэдийн харанхуй, юм мэдэхгүйг далимдуулан хийж байгаа хуурмаг ажиллагаа гэж хэлж болно. Хоёрдугаарт, эдийн засгийн хувьд тодорхой хэмжээний мөнгө олгох бололцоо байлаа ч гэсэн дүүрэг, нийслэлийн засаг захиргаа ийм асуудлуудыг шийдвэрлэдэг эрх мэдэл байхгүй. Өөрөөр хэлбэл мөнгө олгодог субьект нь дүүрэг болон нийслэлийн засаг захиргааны ажилчид биш. Энд давхар мэх явж байна. Хан-Уул дүүрэг дээр туршаад үзье, ахиухан хэмжээний мөнгө амлаад байвал ард иргэд нь горьдоод, өгөөшийг нь үмхөөд сонгоод байх юм байна гэж бодсон болов уу. Энэ бол ард иргэдийг доромжилсон хэлбэр.
-Зөвхөн Хан-уул дүүрэг дээр 30 сая төгрөгийн амлалт явж байгаа. Бусад дүүргүүд дээр ийм амлалт хараахан алга. Тэгэхээр Хан-Уул дүүрэгт АН-ын хүчтэй лидер Да.Ганболд өрсөлдөж байгаатай холбоотой юм биш байгаа. Түүнийг давахын тулд ийм амлалт хэрэгтэй гэж төлөвлөсөн юм болов уу?
-Тэр талаар хэлж мэдэхгүй байна. Зориуд Ганболдод зориулж боловсруулсан хөтөлбөр гэж хэлэхэд хэцүү л дээ. Цаанаа ямар сэдэлд зориулж хийсэн нь надад сонин биш. Хамгийн гол нь 60 гаруй мянган өрх айл, нийт сонгогчдыг гутаан доромжилсон хэрэг. Ялалт байгуулъя гэсэн бодлыг хэн ч үгүйсгэхгүй. Гэхдээ улс төрөө иргэдээ хүндэтгэсэн тооцоотой, үндэслэлтэй байлгая гэж бодож байвал хожим хойно ийм аргыг давтахгүй л байсан нь дээр дээ. Хуулийн цоорхойг ашиглаж байна л даа.
-Хамтарсан Засгийн газрын талаар ямар бодолтой байна?
-МАХН нэгэнт дотроо хэлэлцээд АН-ыг урьж хамтарч ажиллах нь зүйтэй гэж үзсэн тохиолдолд энэ Засгийн газарт орж ажиллах нь зөв. Тухайн үед ч тэгж үзэж байсан. Одоо ч тэр байр суурин дээрээ байгаа. Эс тэгвээс бидэнд тулгамдаад байгаа олон асуудал ар араасаа цувраад байна. Тиймээс манай намаас УИХ-д сонгогдсон гишүүд маань Засгийн газарт орж ажиллах хэрэгтэй гэж үзсэн. Бид дуу хоолойгоо гаргаж байх ёстой. Муу ажиллаж байгаа тохиолдолд аль ч намын гишүүн байсан ямар нэгэн өршөөл байх ёсгүй. Яагаад гэвэл хамтарсан учраас алдаа дутагдлаа нууж хаацайлаад байна гэсэн үг биш. Илрүүлээд, илчлээд л ажиллах ёстой. Өнөөдөр АН цөөнх болсон ч гэсэн ард түмний өгсөн саналын дагуу сөрөг хүчний үүргээ биелүүлээд хамтран ажиллах нь зөв.
-Өмнөх жилүүдэд хоёр том нам хамтарч Засгийн газраа байгуулан ажиллаж байсан. Олигтой үр дүнд хүрэхгүй байгаа юм шиг харагдаад байдаг шүү дээ?
-Монголын хууль гурав хоногтой гэдэг шиг тийм байдал олон жил ажиглагдсан. Томоохон, бодлогын чанартай, улс орны нийгмийн хөгжлийн ерөнхий зарчмуудыг өөрчлөх гол асуудлуудаар бид өнгөрсөн 18 жилийн хугацаанд их юм хийжээ. Хуулийг хэрэгжүүлэх, хүнийг төлөвшүүлэх, ихэнх ажлууд нь аймаг, сум, дүүргүүдэд өдөр тутам хамт олны амьдрал дээр явагддаг. Ардчиллын том том алхмуудыг хийсэн боловч нийслэл, дүүрэг, аймаг, сумдад ардчиллын уур амьсгал орсонгүй. Энд бараг дарангуйлал тогтсон байна гэж хэлэхэд хилсдэхгүй. Үүнээс болоод бидний бодож сэдсэн ажлууд хагас дутуу, мушгин гуйвуулсан хэлбэрээр хэрэгжиж ирсэн. Гэсэн ч хамтарсан Засгийн газар бүрээс юу ч бүтээгүй гэж хэлж болохгүй. Хийсэн зүйлүүд ч бий. Бидний орон нутагт оролцож байгаа гол зорилго бол болохгүй, бүтэхгүй байгаа бүх зүйлийг өөрчлөхийн тулд орон нутгийн удирдлагын тогтолцоог өөрчилье гэж шийдсэн.
-НИТХ-д сонгогдвол хамгийн түрүүнд ямар ажлаас гараагаа эхэлье гэж бодож байна?
-Хамгийн түрүүнд байгаа хуулиудаа дагаж мөрдөх ёстой. Хот, барилгын маш олон стандарт байна. Улаанбаатарт 50, 60-д онд барьж байгуулсан нэг хэсэг байх жишээтэй. Явган хүний зам, машины зам гарц, ногоон бүс, хүүхдийн тоглоомын талбай гээд байх ёстой бүхий л зүйлийг барьж байгуулах л ёстой. Тийм учраас өнөөдөр шинээр баригдаж байгаа барилга, газар олголтын зарчим, эсвэл шинээр газар аваад байшин барьж байгаа компаниудад хүчин төгөлдөр байгаа хуулиудын шаардлагыг тавих хэрэгтэй. Танай барилгын талбай үүнээс хэтрэх ёсгүй, барьж байгаа барилгын талбай руу орж гарч байгаа машины дугуйнд шавар наагаад гудамж руу гарч болохгүй, орчин тойрноо бүрэн дүүрэн тохижуулаад хүлээлгэж өг гэх зэрэг хуулийн дагуух шаардлагыг мөрдүүлнэ. Албан газар бүр өөрийн хариуцдаг талбайтай. Орон сууцыг СӨХ нь хариуцдаг байх хэрэгтэй. Энд ухаан зарцуулаад байх хэрэггүй ш дээ. Цоо шинээр хууль гаргаад байх ч шаардлагагүй. Хүчинтэй байгаа хуулиудаа яс дагаад байвал ямар нэгэн ажлыг улс төржүүлэхгүйгээр шийдэж болно. Наад зах нь дээрх ажлуудыг хийх ёстой. Тэгээд дараа нь шинэ дүүргүүд, гэр хорооллууд гэсэн бодлогын чанартай асуудлууд руу залгаад орох ёстой л доо.
-Нийт сонгогчдодоо хандаж юу хэлмээр байна вэ?
-Сонголтоо зөв хийгээрэй гэж хүсэх байна. Бид Улаанбаатар хот гэж ярьдаг боловч Хан уулынхаа хаяагаар урсч байгаа хатан Туул голын эрэг дээр манай хот 400 гаруй жилийн турш хөгжиж ирлээ. Түүхийн олон зурвас үеийг туулж гарсан. Хүн амын хувьд цөөхөн боловч том нутаг дэвсгэртэй, өөрийн гэсэн нэр төртэй улс орны нийслэл. Тэр тусмаа Хан-Уул дүүрэг манай улсын нийслэлийн овог нь болсон гэж хэлж болно. Хуучин Ажилчны район гэж байсан. Дархан цаазат уулынхаа нэрээр нэрлэсэн дархан цаазат бүс нутаг. Тийм учраас Хан-Уул дүүрэг нийслэлийнхээ хөгжлийн үлгэр жишээ нь болох ёстой. Энэ зорилгыг биелүүлэхийн төлөө хамтраад ажиллацгаая гэж хэлмээр байна. Тийм бололцоо бидэнд байгаа.
Л.Эрдэнэчимэг
1 comment:
Академийн сайт дээр хуулбарлалаа шүү!
Post a Comment